Оюутны хөгжлийн хүүгүй зээлийг шинэ журмаар олгож эхэлнэ

Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар жилийн таван хувийн хүүтэй байсан “Оюутны хөгжлийн зээл”-ийг хүүгүй олгохоор шийдвэрлэсэн байдаг. Гэвч хамтран зээлдэгч нь тогтмол орлогогүй, давхар зээлтэй, төлбөр, орлогын харьцаа хэтэрсэн зэргээр банкны шаардлага хангаагүй 40 гаруй мянган оюутан, суралцагч зээл авч чадаагүй байна. Ирэх тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн оюутан залуучуудад “Оюутны хөгжлийн зээл”-ийг шинэ журмаар олгож эхлэхээр болжээ. Өмнө нь зээлд хамрагдахыг хүссэн оюутнаас тухайн банк хамтран зээлдэгч, барьцаа хөрөнгө зэргийг шаарддаг байсан бол шинэ журмаар барьцаа хөрөнгөгүйгээр шууд зээл авах боломжтой болж байгаа юм байна. Ингэхдээ бакалаврт суралцаж байгаа зээлдэгчийн өмнөх улирлын голч дүн 2.8 болон түүнээс дээш, магистрант, докторантад суралцаж байгаа зээлдэгчийн өмнөх улирлын голч дүн 3.2-оос дээш байх тохиолдолд зээлийг олгох юм. Ирэх намраас оюутны ширээнд суух залуучуудын хувьд ерөнхий шалгалтаа 600 онооноос дээш өгсөн бол энэхүү зээлд хамрагдах болзол хангана. “Оюутны хөгжлийн зээл”-д төрийн болон төрийн бус их, дээд сургуулийн оюутнууд хамрагдах боломжтой. Оюутнууд сургуулиа төгсөөд ажилтай, орлоготой болсныхоо дараа зээлээ эргэн төлөх юм байна.

Д.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)