Б.Ганбат: Инновацыг манайхан шинжлэх ухааны асуудал гээд амьдралаас хэт холдуулдаг
- 2018-05-11
- Боловсрол
- 2
БСШУСЯ, ШУТИС хамтран "Инновацын долоо хоног" арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй. Ямар нэгэн бүтээлч санаанаас бодит мэдлэг бий болгох, түүнийгээ үйлдвэрлэл үйлчилгээнд хэрэглэх, өрсөлдөх чадвар бүхий шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, арга зүй, менежмент болгох үйл ажиллагааг инновац гэж ойлгож болно гэдэг. Энэ талаар манай төр, засаг ямар бодлого баримталж буй, тэр нь монголчуудын амьдралд, хэрэглэгчдэд хэр зэрэг ойртож байгаа тухай БСШУС-ын сайдын зөвлөх Б.Ганбаттай ярилцлаа.
-Дэлхий нийтээрээ хошуурч буй Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэдэг зүйлийг Монгол Улсын хөгжлийн асуудлуудтай хэрхэн холбох боломж, гарцын тухай хөндөж буйгаараа энэ удаагийн "Инновацын долоо хоног" нэлээд онцлог юм уу гэж харсан. Олон жил инновацын тухай ярьсан хүний хувьд та энэ арга хэмжээний ач холбогдол, онцлогийг илүү тодруулж өгнө үү?
-Энэ удаагийн арга хэмжээ үнэхээр л өмнөхүүдээс мэдэгдэм ялгаатай болж байна. Урьд нь инновац гэж юу болох, энэ нь улс орны хөгжилд ямар хэрэгтэй юм, үүнийг хэн, хэрхэн хөгжүүлдэг вэ гэх зэрэг танин мэдэхүйн шинжтэй, соён гэгээрүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүд зохиодог байв. Харин энэ жил бид Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэж юу болох, үүнийг угтаж монголчууд юунд бэлдэх хэрэгтэй юм, үндсэн гол технологиуд нь болох Биг дата, Блокчейн, 3D принтинг, хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд яаж оролцох боломжтой вэ, төр, хувийн хэвшлийнхэн, эрдэмтэн судлаачид юу хийх ёстой гэхчлэн маш чухал асуудлыг хөндөж буйгаараа ач холбогдолтой. Үнэнийг хэлэхэд, бид өндөр технологийн салбарын хөгжлөөс их хоцрогдсон учраас ядаж онолын болон бодлогын түвшинд ярьж байгаа нь сайн хэрэг. Хоёрдугаарт, Дархан-Уул аймагт Хөдөө аж ахуйн технологи, инновацын форум, үзэсгэлэнг анх удаа зохион байгуулж байна. Энэ нь инновацын хөгжлийн асуудлыг зөвхөн Улаанбаатар хотын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүд л анхаарч, ярих бус, хөдөө орон нутгийнхан ч үүнийг сонирхож, эрэлт хэрэгцээг нь ойлгож мэдэрч эхэлсний илэрхийлэл юм. Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан бол Монголдоо анхдагч салбар. Тэр тусмаа Дархан-Уул аймаг бол манай эрчимжсэн мал аж ахуй, ургамал газар тариалангийн чухал бүс нутаг учраас тэндхийн их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, бизнесийн байгууллага хамтран инновац хөгжүүлэх боломжтой гэж харж байгаа.
Гурав дахь онцлог нь гэвэл, "Инновацын долоо хоног"-ийн хүрээнд энэ жил бид СУИС-тай хамтран Соёлын аж үйлдвэрийг хэрхэн хөгжүүлэх тухай томоохон хурал зөвлөгөөн хийж байна. Монголчууд шиг арвин баялаг соёлын өв уламжлал, зан заншил, түүхт уламжлалтай орны хувьд соёлын аж үйлдвэрээр дамжуулан жуулчдыг татах асар их боломжтой. Дөрөвдүгээрт, инновацын бизнес эрхлэх гэж буй гарааны компаниудыг дэмждэг Coworking Space буюу дундын оффис гэдэг бүхэл бүтэн сүлжээ Монголд бий болсон тул тэднийг нэг нэгнийхээ болон олон улсын чадварлаг зөвлөхүүдийн туршлагаас судалж, санал солилцох боложмийг хангах үүднээс энэ сарын 12-нд нэгдсэн чуулган зохион байгуулна. Улаанбаатарт гэхэд л зургаан ийм дундын оффис ажиллаж, эрдэмтэн судлаачид, инженер, зохион бүтээгчдийг бизнес эрхлэхэд нь дэмжин зөвлөгөө өгч, зах зээлийн судалгаа хийж, төлөвлөгөө гаргах зэргээр тусалдаг юм байна. Манай залуучууд инновацын салбар руу олноороо ингэж идэвхтэй орж ирсэн нь их зөв үлгэр дуурайл. Олон тоглогч байх тусмаа инновацын хөгжил илүү хурдасна.
-Инновацын тухай хуулийг анх батлахад таныг багт нь ажилласан гэж сонссон. Тэнд "Инновацын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлд нийцсэн байх" гэж нэг чухал заалт байсан. Манай улсын хувьд тэргүүлэх чиглэл нь юу байх вэ?
-Инновацыг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлээ Засгийн газар тогтооно гэж хуульчилсан байгаа. Яагаад гэвэл Монгол шиг цөөн хүн амтай, эрдэмтэн судлаач, зохион бүтээгчид болоод их сургуулиудын судалгааны нөөц хязгаарлагдмал, дэд бүтэц хангалттай сайн хөгжөөгүй улсад тэргүүлэх чиглэлээ онож тогтоох нь их чухал. Эдийн засгийн өсөлт, уналт нь уул уурхай, хүнд аж үйлдвэр, хөдөө аж ахуй дагасан боловсруулах хөнгөн үйлдвэр гэсэн хэдхэн салбараас хамаардаг оронд урт хугацааны тогтвортой хөгжлийн зорилтоо инновацын тэргүүлэх чиглэлтэй яаж уялдуулах вэ гэдгийг зайлшгүй бодох ёстой. Тэгэхээр Монгол Улсын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд заасан нийгэм, эдийн засаг, аж үйлдвэрийн тэргүүлэх салбаруудыг инновацад бас хамаатай гэж ойлгож болно. Учир нь инновац бол зөвхөн мэдээллийн юм уу, бизнес санхүүгийн технологи, эсвэл биотехнологийн хөгжилд хамаатай зүйл бус, нийгмийн инновац гэж чухал салбар байдаг.
Эрүүл мэнд, боловсрол, даатгал, татвар, гааль, иргэний бүртгэл гэх мэт төрийн үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй хүргэх асуудал нь нийгмийн инновац юм. Тухайлбал, ТҮЦ машинаас 18 төрлийн үйлчилгээг манайхан хурууны хээгээ уншуулаад л авч болдог болсон шүү дээ. Удахгүй манай боловсролын салбарынхан оюутан, сурагчдын диплом, бүрэн дунд боловсролын гэрчилгээний лавлагааг ТҮЦ машинаас авдаг болгох гэж байна. Өөрөөр хэлбэл, төрийн нэгдсэн мэдээллийн санд байгаа дата мэдээллийг зөв урсгалаар эргэлтэд оруулж, хүмүүс гар утсаараа ч энэ үйлчилгээнүүдийг авч болдог болгох нь нийгмийн инновацыг хөгжүүлж буйн нэг хэлбэр. Иргэн хүн эрүүл мэндийн даатгалд жилд хэдэн төгрөг төлөөд буй, түүнээс хэдэн төгрөгөөр нь ямар ямар үйлчилгээ авах боломжтой гэдгээ өөрөө ороод мэддэг байх нь чухал. Цаашлаад зорилтот бүлгийнхэнд төрийн суурь үйлчилгээг жигд, хүртээмжтэй хүргэхэд зориулсан тусгай аппликейшн зохиох гэх мэт олон зүйлийг хамаатуулж болно. Мөн нэг чухал салбар нь орчин үеийн шинэ технологиудыг яаж хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлэх вэ асуудал. Манайд амжилттай нэвтэрсэн үүний тод жишээ нь, "ITools", "LendMN"-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд байна. Ийм мундаг оюуны чадамжтай, дээрээс нь мэдрэмжтэй монгол залуусыгаа дэмжсэн төрийн бодлого л хэрэгтэй.
-Тэргүүлэх чиглэлүүдээ бодлоготой уях хэрэгтэй гэлээ. Энэ талаар манай төр, засгийн бодлого хэр тогтвортой байдаг вэ. Бүх чиглэлээр нь жигд анхаардаг уу, эсвэл эрэмбээр нь ангилаад шат дараалан ажил хэрэг болгохыг зорьж байна уу?
-Инновацын тэргүүлэх чиглэлүүдээ Засгийн газраар тодорхойлуулах ажлыг одоо бид нэлээд эрчимтэй зүтгүүлж байна. 2008-2012 онд Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо гэж байхад Монгол Улсад анх удаа Инновацын газар байгуулагдсан түүхтэй. Дараа нь Эдийн засгийн хөгжлийн яам, Аж үйлдвэрийн яам гэж байхад тэндхийн харьяанд байж байгаад 2014 оны сүүлчээр БСШУЯ-ны мэдэлд ирсэн. Ингэж инновацын бодлого, чиг үүрэг нь энд тэнд очоод байсан тул хууль батлагдсан таван жилийн хугацаанд хэрэгжилт нь тун тааруу байсан. Уг нь инновац бол шинжлэх ухаанаас тэс өөр, жинхэнэ эдийн засаг, бизнесийн утга юм. Гэтэл манайхан өнөөг хүртэл шинжлэх ухаан-инновац гэж яриад, ойлгоод байдаг. Шинжлэх ухаан гэдэг бол эрдэмтэн судлаачид Засгийн газрын санхүүжилтээр аль нэг сэдэвт төслийг судалж тайлаад, шинэ мэдлэг, санаа, технологи гаргаад, тайлан, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлээ танилцуулснаар дуусдаг үйл явц. Инновацын асуудал тэгвэл тэрхүү шинэ санаа, мэдлэг, технологийг яаж мөнгө болгох вэ гэдэг үйл явц юм. Үр дүнд нь цоо шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрнэ. Энэ бол инновац бий болгох шугаман загвар.
Үүнээс гадна эрдэм шинжилгээ, судалгааны үр дүн, тооцоололд суурилахгүй, шууд инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгодог бас нэг төрөл байна. Жишээ нь, "ITools", "LendMN"-ийн үүсгэн байгуулагч залуус IT, электроник, санхүүгийн мэдлэг дээрээ тулгуурлан, хиймэл оюун ухааныг ашиглаад, Монголын зах зээлд хэн ч ороогүй "онгорхой" байсан хэсэгт тоглолт хийж, цоо шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргасан нь тун амжилттай болсон. Тийм ч учраас бид одоо Инновацын төслийг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх журамд өөрчлөлт оруулж, энэ мэтийн шинэлэг санаа, төсөлтэй байгаа залуусыг дэмжихэнд анхаарна. Тэгэхгүй бол зөвхөн шинжлэх ухааны хүрээлэнгүүдээс гарсан компаниуд, оюуны өмчийн патенттай төслүүдийг санхүүжүүлнэ гэвэл энэ цаг үед өрөөсгөл.
-Инновац шингэсэн бүтээгдэхүүн гэж яг юуг хэлэх вэ. Жижиг дунд үйлдвэрээс юугаараа ялгаатай байхыг уншигчдад энгийнээр тайлбарлахгүй юү?
-Инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээ гэдэг бол зах зээлд урьд өмнө байгаагүй цоо шинэ байх ёстой гэсэн эхний гол шалгуур бий. Хоёрдугаарт, тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээнд хэрэглэж буй технологи, маркетингийн арга барил, бизнесийн загвар нь шинэ гэдгийг оюуны өмчөөр баталгаажуулсан байх ёстой. Хэдийгээр гадаадад хуучин байж болох ч Монголын зах зээлд шинэлэг гэдгийг судалгаа, туршилтаар баталбал инновацын цоо шинэ бүтээгдэхүүн гэж үзнэ. Гэхдээ тэр нь мөнхийн зүйл биш. Дараагийн хувилбар нь гарахдаа өмнөхөөс ямар нэг талаараа шинэлэг, давуу байвал түүнийг мөн л оюуны өмчөөр баталгаажуулдаг. Тийм ч учраас гадаадад инновацын гарааны компаниудыг зах зээлд хөлөө олох хүртэл нь гурван жилийн хугацаанд ажиглаж, хүлээзнэдэг юм билээ.
-Өдгөө манай улс хэдэн компанид, хэдий хэмжээний мөнгийг инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нь зориулж санхүүгийн дэмжлэг болгон өгөөд байна вэ?
-БСШУСЯ 2016 оноос гарааны компаниудыг бүртгэж, гэрчилгээ олгож эхэлсэн байдаг. Одоогоор хуулийн дагуу шаардлага хангасан 30 гаруй компанийг бүртгээд буй. Гэвч эдгээр компанид төдийлөн их хөрөнгө оруулалт хийгээгүй болов уу. Учир нь Гарааны компаниудад инновацын грант олгох журмыг хоёр сар гаруйхны өмнө л баталлаа. Энэ жилийн тухайд гэхэд л санхүүжилт огт байхгүй. Сайдын мэдлийн багцад инновацын үйл ажиллагаанд зориулсан тусгай сан байхгүй тул шинжлэх ухааны багц дахь төсвөөсөө илүүчлээд болгодог. Гэхдээ нөгөө талаар гарааны компаниудад улсаас шууд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг хэлбэрийг нэг их явуургүй гэж олон улсад үздэг. Жишээ нь, манайд Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих сан гэж бий. Гарааны компаниуд тэнд төслөө үзүүлээд, санхүүжилт авах боломжтой. Арилжааны банкуудаас зээл авах боломж нь ч нээлттэй. Инновацынх учраас давуу эрх эдэлнэ гэж болохгүй.
Бусад улсын туршлага ямар байдаг вэ гэхээр, гарааны компаниудын технологийн төслүүдийг санхүүжүүлэх Эрсдэлийн сан гэж тусдаа байдаг. 2012 онд баталсан Инновацын тухай хуульд Венчур санг ингэж байгуулна, ийм ийм төслүүдийг санхүүжүүлдэг байна гэхчлэн бүтэн нэг бүлэг оруулсан ч 2013 онд Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг батлахдаа үүнийг хүчингүй болгосон. Тэгсэн хэрнээ тэр хуульд энэ сангийн тухай юу ч ороогүй. Тиймээс одоо бид Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Энэ бол төрийн биш, хувийн хэвшлийнхний сан учраас эрсдэлээ ч өөрсдөө хариуцах юм. Хууль, эрх зүйн орчныг нь бүрдүүлээд өгчихвөл Венчур буюу Эрсдэлийн сангаар дамжуулан, гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулах сонирхол дотоод, гадаадад маш их бий. Дээр хэлсэн гарааны компаниудыг дэмждэг Coworking Space буюу дундын оффисууд гэхэд л эрх зүйн орчин нь бүрдээгүй байхад энэ чиглэлээр амжилттай ажиллаж байна.
-"Эрдэмтдийн судалгааны бүтээл шүүгээнд нь дарагдаж хэвтсээр байдаг, мэдлэгийг мөнгө болгох үйл явц манайд удаашралтай байна" гэдэг шүүмжлэл ортой байх нь ээ. Инновацын хөгжлийг хурдлуулахад таныхаар манайхан өөр юун дээр анхаарах ёстой вэ?
-Монголд оюуны өмчийн патентыг олноор эзэмшиж буй ШУА-ийн харьяа арав гаруй хүрээлэн болон их сургуулиуд байна. Зөвхөн ШУТИС гэхэд л 400 гаруй патент эзэмшдэг гэдэг. Шинэ мэдлэг бий болгочихоод, түүнийгээ хэрэглээнд яаж нэвтрүүлэх, хэрхэн мөнгө болгохоо мэдэхгүй байгаа энэ тохиолдолд Технологи дамжуулах төв гэдэг байгууллагаар дамжуулан инновацын хөгжүүлэлт хийдэг. Тиймээс ШУТИС, МУИС, АШУҮИС, ХААИС-ийнхан эхнээсээ ийм төв байгуулаад явж байна. Оюуны өмчийг зах зээлд гаргахын тулд таниулж сурталчилдаг, хөрөнгө оруулагчдыг олоод, хувиа тохирвол хамтарсан үйлдвэр байгуулдаг, эсвэл патентаа зарах гэх мэт бизнесийн менежмент хийдэг Технологи дамжуулах дундын байгууллага манайд их чухал. Хүн хүчний нөөцөө бодсон ч тэр, сургууль болгонд заавал тус тусын Технологи дамжуулах төв байх албагүй. Энэ бүх асуудлыг "Инновацын долоо хоног" арга хэмжээний үеэр бүх талын оролцоотойгоор хэлэлцсэнээр ажил хэрэг болгоход их дөхөм. Өнгөрсөн арваннэгдүгээр сард бид ЗТХЯ-тай хамтран "Зам тээврийн салбарын инновац" гэсэн хурал, үзэсгэлэн зохион байгуулахад олон сонирхолтой, шинэлэг санаа байсан нь өдгөө эхнээсээ хэрэглээнд нэвтэрч байна. Тухайлбал, буруу талдаа жолооны хүрдтэй автомашины гэрлийг шилжүүлэх, тусгалыг нь өөрчлөх санаачилга гаргасан нь амьдралд нэвтэрчихлээ. Гэрлийн тусгалыг хэдхэн градусаар өөрчлөх энэ технологийн шийдэл гэхэд л өчнөөн хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлээс хамгаалж буй нь ойлгомжтой. Мөн буруу талдаа жолооны хүрдтэй автомашины жолооч урдах тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхдээ заавал эсрэг урсгал руу өнгөлзөх шаардлагатай байсан бол одоо шууд толиндоо хараад л мэддэг болсон. Инновац гэхээр манайхан шинжлэх ухааны асуудал гээд амьдралаас хэт холдуулж бодоод байдаг.
Эцэст нь нэг зүйлийг онцлоход, "Заримыг нь өөрөө хий, заримыг нь худалдаж ав" гэдэг Инновацын гол зарчим байдаг. Бид өөрсдийн хийж чадах зүйлсээ л хийгээд, боломж нөөц хүрэлцэхгүй заримыг нь гадаадаас худалдаж авах хэрэгтэй гэсэн үг. Технологийн салбарт манайхан угаасаа хэдэн үеэр хоцрогдож яваа тул дэлхийн хаа сайгүй туршаад, үйлдвэрлээд, амьдралд нэвтрүүлчихсэн зүйлсийг худалдаад авахад юу нь буруу байх вэ. Австралид болсон хонь хяргах тэмцээнд монгол залуу оролцоод түрүүлчихсэн байсныг манайхан интернэтээс үзсэн л байлгүй. Хонь хяргадаг тийм машин хэдэн төрөл, янзаараа үйлдвэрлэгдээд, хаа сайгүй зарагдаж байгаа шүү дээ. Гэтэл яагаад манайхан оруулж ирээд, малчдад зарж болдоггүй юм бол. Хөдөөд цахилгаан байхгүй гэх биш. Ажиллуулж цөхөөд байх зүйлгүй гэдгийг монгол залуу харууллаа. Ямааны ноолуур самнадаг машин ч мөн ялгаагүй. Тэгэхээр бид заавал өөрсдөө үйлдвэрлэнэ гээд энэ мэт наад захын эрэлт хэрэгцээтэй зүйлийг худалдаад авчихгүй хүлээгээд байвал утгагүй хэрэг.
Эх сурвалж: Өнөөдөр сонин
Л.Ганчимэг
Сэтгэгдэл (2)
Хогын өвгөн (66.181.161.24)
Энэ бид 2ийн зөвлөх гэж юу байдын. 2 эхнэрэн хаяж өчнөөн хүүхэд өнчрүүлсэн золбин өвгөн ш дээ. Ишш чааваас даа ийм хогоор зөвлөхөө хийлгэдэг тэр сайд авгай нь мөн таарчдээ
INJENER NATSAGNYAM (66.181.188.43)
TENEG HUND OGDOG SHAGNAL