Ц.Өнөрбаян: Хууль эрх зүйн үндэслэлтэйгээр толь бичгийг боловсруулсан
- 2018-06-30
- Боловсрол
- 0
Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь бичгийн талаар МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч Хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор Ц.ӨНӨРБАЯНААС тодрууллаа.
-Ямар шалтгаан, үндэслэлээр монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь бичгийг боловсруулсан бэ?
-Монголчууд өнгөрсөн хугацаанд олон бичиг үсэг хэрэглэсэн. Бид 1940-өөд оны үед Оросын цагаан толгойд үндэслэн Ц.Дамдинсүрэн гуайн зохиосон зөв бичгийн дүрэмд тулгуурласан бичиг үсгийг өнөөг хүртэл хэрэглэж байна. Мөн үндэсний монгол бичгийг өргөн хэрэглэдэг болж байна. Ц.Дамдинсүрэн гуайн зохиосон зөв бичгийн дүрэм буюу кирилл бичгийн дүрмийг сургалтын түвшинд албан ёсоор хэрэглэж байгаа ч эрх зүйн хувьд баталгаажаагүй юм. Тиймээс эрх зүйн хувьд баталгаажсан нэгдсэн тольтой болгох үүднээс Монгол хэлний тухай хуульд заасны дагуу Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Ц.Дамдинсүрэн гуайн зохиосон зөв бичгийн дүрэм, мөн 1983 онд зохиосон зөв бичгийн дүрмийн товч тольд тулгуурлаж журамласан толь боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Тухайн ажлын хэсгийнхэн хоёр жилийн хугацаанд ажиллаж энэхүү толь бичгийг боловсруулж, олон нийтэд хүргэлээ.
-Журамласан гэдгийг ямар утгаар ойлгох вэ?
-Бүх нийтээрээ мөрдөнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ нь хуульчилсан толь бичиг юм. Тиймээс Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС зэрэг байгууллагын эрдэмтэн судлаачид хамтран боловсруулсан. Тухайн толь бичгийг зохиогоогүй боловсруулсан гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Зөв бичих дүрмийн маргаанд энэхүү толь бичиг “цэг” тавьж байгаа гэж ойлгож болох уу?
-Тийм. Энэхүү толь бичиг хууль эрх зүйн үндэстэйг дахин хэлье. Тиймээс үүнийг бүх нийтээрээ мөрдөх учиртай. Үгийн бүтцийг буруу ойлгосноос болж алдаатай бичдэг олон үг бий. Тухайлбал, оношилгоо гэдэг үгийг бүтээвэр зүйд суурилсан дүрмээр бичдэг. Тодруулбал, оно гэсэн эгшгээр төгссөн үгэнд “ш” гийгүүлэгчээр эхэлсэн дагаврыг шууд залган онош гэж бичнэ. Үйл үг үүсгэх “л” дагаврыг “ш” гэсэн заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд залгахдаа зохих балархай эгшгийг урд нь авч оношил гэж бичдэг. Гийгүүлэгчээр төгссөн үгэнд “гоо” дагаврыг шууд залган оношилгоо гэж бичнэ. Судалгаа, шинжилгээ гэсэн үгийг ч мөн адил бичнэ. Мөн дүрслэх, дуурайх үгийг буруу бичдэг. Эрвээхий, дэгдээхий гэдгийг үгийн бүтцийн хэв шинж, бүтээврийн онцлогийг харгалзан эрвээхэй, дэгдээхэй гэж зөв тогтоосон. Энэ тухай толь бичгийн өмнөх үг, ашиглах зааварт тодорхой бичсэн байгаа.
-Сүүлийн үед хүмүүс яриа болон бичгийн хэлэнд гадаад үгийг өргөн хэрэглэдэг болсон. Эх хэлнийхээ дархлааг хадгалах үүднээс гадаад үгийг хэрхэн журамласан бэ?
-Гадаад үгийг бүгдийг нь журамлах боломжгүй. Тиймээс хүмүүсийн түгээмэл хэрэглэдэг үгийг журамлаж, гадаад 1000 гаруй үгийг тольд багтаасан. Мөн гадаад үгэнд хамааруулж болохуйц дэлхийн бүх улс, орон, нийслэлийн нэр, түүнийг хэрхэн товчлох талаар тусгасан. Үүнд Гадаад харилцааны яамны Хэлний бодлогын салбар зөвлөл ихээхэн үүрэг гүйцэтгэсэн.
-Толь бичигт нийт хэдэн үг багтсан бол?
-Нэг бүрчлэн тоолох боломжгүй. Гэхдээ ойролцоогоор 38 мянга орчим толгой үг багтсан. Тэдгээрийг хувилсантай нь нийлүүлбэл 130-аад сая үгийг журамласан. Монгол хэлний үгийн сангийн бүх үг биш, хамгийн түгээмэл хэрэглэдэг үгийг журамласан гэсэн үг.
-Тогтсон бичлэгийн дадлаасаа шууд салах хүндрэлтэй. Толь бичгийг дагаж мөрдөхгүй бол хариуцлага хүлээлгэх үү?
-Журамт үүргээ гүйцэтгэхгүй байна гэж үзээд хуулийн зохих арга хэмжээг авч болно. Монгол хэлнийхээ ариун дагшин байдал, дархлааг нь бичгийн хэлний түвшинд хадгалахын тулд улс даяараа журамласан нэг толь бичигтэй байх ёстой. Ялангуяа ерөнхий боловсрол, их, дээд сургууль, хэвлэл мэдээлэл, төрийн байгууллагынхан энэ толь бичгийг баримталж бичих ёстой.
-Олон нийт толь бичгийг ашиглахад хэр зэрэг хүртээмжтэй байна вэ?
-Цаасан болон цахим хэлбэрээр хүмүүст хүргэж байна. Монгол Улсын эх хэлний боловсролын ариун санд нэгэн томоохон хөрөнгө оруулалт хийлээ. Тодруулбал, энэхүү үйл явдал нь эх хэлний боловсролын түвшинд тэмдэглэлт болохоос баярт явдал биш шүү. Яагаад гэвэл, хүний зохиосон толь бичгийг бид боловсруулж нийтээр хэрэглэхээр болсон учраас бүх нийтийн монгол хэлний боловсролд тэмдэглэлт үйл явдал болсон.
С.Юмсүрэн
Сэтгэгдэл (0)