Монгол орон даяар хичээлийн шинэ жил эхэллээ

Намрын шар нар ээсэн есдүгээр сарын эхний өдөр манай орны ерөнхий боловсролын 814 сургууль үүд хаалгаа нээж, хичээлийн шинэ жилээ эхлүүллээ. Энэ онд нийт 580 мянга орчим хүүхэд багачууд эрдмийн их өргөөндөө номын өргөн далайгаар аялж, мэдлэг чадвараа баяжуулж, оюуны цараагаа нэмэгдүүлэхээр суралцана. Монгол Улсын Засгийн газраас боловсролын салбарт хийх хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлснээр ерөнхий боловсролын сургуулиудад гурван ээлжээр хичээллэж байгааг халж, бүх сургуулийг хоёр ээлжид шилжүүлэх, хот суурин газрын сургуулийн өмнөх насны бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах томоохон зорилт тавин ажиллаж байна.

Энэ хүрээнд улсын төсвийн болон гадаадын буцалтгүй тусламж, зээлийн хөрөнгөөр 46 мянган суудал бүхий 99 сургууль, 2000 хүүхдийн дотуур байр, 20 мянга гаруй орны хүчин чадалтай 127 цэцэрлэгийн барилгыг энэ онд эхлүүлэх зорилт тавьсан. Үүний үр дүнд ерөнхий боловсролын сургуульд гурван ээлжээр хичээллэдэг явдлыг 2019- 2020 оны хичээлийн жилд бүрэн халах юм.

Д.МӨНХЖАРГАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)