"Хүн" байх ухаан...

Манай улс төрчид, өөрийгөө энэ нийгэмд хуруу хушуу нэмнэ, зүтгэнэ, бас нэмдэг, зүтгэдэг гэж боддог хөгшин залуу хэн ч бай, бид бүгдээрээ, цаашдаа оюуныхаа талд анхаармаар болжээ. Оюуны боловсрол ч гэж болно... Бүх юмны чинь, алдаа онооны чинь уг сурвалжийг хөөхөд эцсийн эцэст тэнд л очиж таараад байна, "улс төрчид" минь. Хичнээн баян, хэдэн ч дипломтой бай, ямар ч өндөр сандалд заларч, тэнгэр шиг эрх мэдлийг атгасан ч бай, өөрийгөө оюун санаанаас дээш оршдог, тэргүйгээр үүл мэт хөвөөд болоод байдаг юм гэж бодоод байх шиг...

Ойрхоны гэх 30 жилээс харахад үнэндээ "төгс" гэмээр нэг ч удирдагч, нэг ч зүтгэлтэн байсангүй. Бүгд дурсамж болон үлдэж дээ. Бас нөгөө талаар ихэнх нь хараал ерөөлийн бай болон үлдэж дээ ч гэмээр... Аргагүй юм, "Би"-гээ ч таниагүй, "Ухамсар" гэгчийг багцаалаагүй, оюун санаа, сэтгэл, ой санамжаа ч төнхөж үзээгүй, атаархал, гомдол, бардамнал гээд түмэн гай, хорын ерөндөгийг өөрийн болгоогүй, хүн байх, хүн чанартай байхын мөн чанарт нэвтрээгүй, зүгээр л шунал хүслээр амьдрана гэж, тэр дундаа төр бариж, түмэн амьтныг оройлно гэж юу байхав. Ирж яваа зуун, эрин цагаа ч бодсон тэр. Оюун санаагаар цангаж, тийшээ зүглэж байгаа өнөөгийн нийгмээ бодсон ч тэр... Ард түмэн "салхи Дамбий" шиг байх нь нэг талаар сайхан, гэгээн биз... Харин улс төрч та эцсийн эцэст оюун санаагаараа "хүн" болж бүрэлдэж чадсан уу, бизнест ч, малчинд ч, тэр бүү хэл шорон оронд ч, хүн орших бүх "салбар"-т "хүн" гэдэг ганцхан юм л хувь тавиланг чинь шийдэж байдгийг, аз, амжилт, карьерийн чинь тулгуур нь байдаг гэгдийг ухаарч амжсан уу гэдэг л гол хэмжүүр. Өнөөдөр энэ бодлыг минь Элбэгдорж батлах шиг.санагдлаа. Нэгэн цагт бараг монголын оюун санааны улаан шугамыг "Нүүх үү, үлдэх үү"-гээрээ татаж байсан мэт санагдах тэр Элбэгдорж. Одоо харахад бас л мөнөөх "оюун санаа"-ны наад захын зүйл дээр л бүдэрч харагдана.

Оюун санаагаар өссөнгүй, албан тушаалын хувьд бол өсчээ гэмээр... Нэг хэсэг чимээгүй байсан, том л хүн юм гэж бодож байсан, харин тэссэнгүй гарч ирлээ, тэр нь алдаа байсныг энэ хүн ухаарсангүй дээ, зөв түүний талд зуун хувь байсан ч, ялгүй салдаг ч байлаа гэсэн энэ бол хүнээрээ, оюун санаагаараа жижигхээн байсныг харууллаа л гэж бодож байна. Бас л дутуу байжээ. Дарга улс болтлоо цэцэглэсэн хэрнээ жижигхэн хэвээр монголд "төгс" хүн, жинхэнэ удирдагч хүмүүс төрөх зай байхгүй юм шиг он жилүүд өнгөрч байна, гэхдээ тэр зай бол оюун санаанд хэзээ ч байдаг гэж мунхаглана.

 
Т.Цэрэндолгор
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)