Монгол Улсын хүн ам 2031 онд 4 сая хүрэх магадлалтай байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.05.18) хуралдаанаар Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнг Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа танилцуулав. Энэ удаагийн тооллогыг бүртгэл буюу төрд суурилсан мэдээллийн сан болон санамсаргүй, түүврийн аргаар мэдүүлгийг авах гэсэн хосолмол аргаар зохион байгуулснаараа онцлогтой болохыг танилцуулгын эхэнд дурдсан. Үүний үр дүнд мэдээлэл боловсруулах хурд нэмэгдэж, зардал хэмнэсэн ач холбогдолтой юм байна. Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын бэлтгэл болгож, 2019 онд байшин, орон сууцны тооллогыг зохион байгуулсан байна.

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнгээр нийт хүн ам 3.296.866, үүнээс Монгол Улсын нутаг дэвсгэр дээр амьдарч буй 3.197.020, зургаагаас дээш сарын хугацаатайгаар гадаад улс оронд амьдарсан Монгол Улсын иргэдийн тоо 122.301 байгаа юм байна. Хүн амын жилийн дундаж өсөлт 2010-2020 оны тооллогын жилд 2.2 хувийн өсөлттэй байгаа дүн мэдээг танилцууллаа. Манай улсын хэмжээнд хүн амын өсөлтийн оргил үе нь 1979-1989 онд 2.9 хувь, хамгийн бага нь 1935-1944 онд 0.3 хувь байжээ. Үндэсний статистикийн хорооноос 2015 онд гаргасан хүн амын хэтийн тооцоогоор 2031 онд Монгол Улсын хүн ам 4 сая хүрэх магадлалтай.

Нийт хүн амыг нас, хүйсийн бүтцээр ангилвал 56.6 хувь нь 18-59 насных, хүн ам зүйн ачаалал буюу хөдөлмөрийн насны хүнд ноогдох 18-аас доош насны болон 60-аас дээш насны хүн амын хувь бол 55.3 хувь байгаа аж. Хүн ам зүйн ачаалал 2010 онд хамгийн бага байсныг энэ үеэр Б.Батдаваа дарга дурдлаа. Хүн амын дундаж нас 27.9 байгаа бол суурьшилтаар нь ангилвал нийт хүн амын 68 хувь нь хот, сууринд, 32 хувь нь хөдөө, түүнчлэн нийслэлд 1.466.125 хүн аж төрдөг байна.

Гадаад улсад аж төрж буй иргэдийн 34.2 хувь нь суралцах зорилготой байгаа бол 20.6 хувь нь ажиллах, 12.6 хувь нь гэр бүлийн шалтгаанаар, 11.7 хувь нь суурьших, 10.4 хувь нь хөдөлмөрийн гэрээгээр, 1 хувь нь албан томилолтоор амьдарч байгаа. Харин 9.5 хувь нь бусад шалтгаанаар гадаад улсад амьдарч байгаа гэх дүн мэдээлэл гарчээ.

Нийт өрхийн тоо 897.427 байгаа бол үүний 60.9 хувь нь байшин орон сууцанд, үүн дотроо орон сууцанд амьдардаг нь 29.4 хувь юм байна. 342.409 буюу нийт өрхийн 38.2 хувь нь гэрт, 8.039 өрх буюу 0.9 хувь нь бусад төрлийн сууцанд амьдардаг гэх дүн мэдээ гарчээ. Улсын хэмжээнд нийт өрхийн 8.4 хувь нь буюу 74.8 мянган өрх өөрийн гэсэн сууцгүй, эдгээрийн 80 орчим хувь нь хотод амьдардаг байна. Үргэлжлүүлэн Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа нийт өрхийн хэлбэрийн талаарх дүн мэдээг танилцуулсан.

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авав. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг энэхүү тооллогын үр дүнг ажлын байр, ажил эрхлэлттэй холбогдуулан ашиглах, хөгжлийн бодлого, төлөвлөлтдөө юуг анхаарах ёстой талаар тодруулсан. Хөдөлмөрийн насны хоёр хүнд хөдөлмөрийн насны бус нэг хүн ноогдож буй хөдөлмөрийн насны хүн амын тоо өндөр байгаа энэ цонх үед нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх, бодлогыг сайжруулах боломжтой гэдгийг хэллээ. 1990-2000 оны хүн амын өсөлт бага байсан, энэ үеийнхэн хөдөлмөрийн зах зээлд оролцож эхэлж байгаа ба цаашид завсарын үе үүсгэх болно гэдгийг хэлж байв. Хөдөлмөрийн оролцооны хувьд 56 хувь гэсэн дүн гарсан бөгөөд дэлхийн дунджаар 60 гаруй хувь байдгийг дурдсан. Цар тахлын нөлөөллөөс үүдсэн 58 хувь байсан үзүүлэлт 56 хувь болж буурсан гэв. Иймээс ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарах шаардлагатай гэдгийг хэлсэн. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар орон сууцны улсын тооллого явуулах шаардлага, шалтгааны талаар тодруулж, байр сууриа илэрхийлж байлаа.

Гишүүдийн тодруулсны дагуу ажил эрхлэлтийн талаар 2020, 2021 оны эхний улирлын харьцуулсан дүн мэдээг танилцуулсан юм. 2021 оны I улирлын дүнгээр нийт хүн амд эзлэх хөдөлмөрийн насны хүн 2.105.000 байгаагийн ажиллах хүчин нь 1.156.000 байгаа аж. Ажилгүйдлийн түвшин 2020 оны I улиралд 6.6 хувь байсан бол энэ оны эхний улиралд 8.8 хувь болж өсчээ. Өөрөөр хэлбэл, 100.000 орчим хүн ажиллах хүчнээс хасагдсан байна. Эдгээрийг салбараар нь ангилж харвал, сүүлийн нэг жилийн хугацаанд албан бус хөдөлмөр эрхэлж байсан иргэд ажилгүй болсон бөгөөд цар тахлын нөлөөнөөс үүдэлтэй гэдэг тайлбарыг Б.Батдаваа дарга хэлэв.

Ийнхүү өнөөдрийн хуралдаанаар Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнг сонссон талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар танилцуулахаар боллоо.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • DR PRADHAN (197.211.58.40)

    2021-05-18

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443