Ж.Батзандан: Стратегийн ордуудад дээр нүүрлэсэн хулгай луйвар, бузар булайтай тэмц гэж намайг БЭТ-ээр томиллоо

Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгч Ж.Батзандан өчигдөр мэдээлэл хийв. 

 

Энэ үеэрээ тэрбээр: "Монгол Улсад Стратегийн нийт 55 орд байгаа. 2007 онд УИХ-ын 27 дугаар тогтоолоор стратегийн ордын жагсаалтыг баталсан. 16 ордыг стратегийн ордод бүртгэж, 38 ордыг УИХ-аар стратегийн ордод оруул гэдэг шийдвэр гаргасан. Гэсэн ч өнөөдөр стратегийн ордуудыг хулгайлаад, идэж уугаад дуусаж байна. 

 

Энэ 16 ордын хамгийн сор болсон ордууд нь одоо дуусч байна. Сүхбаатрын "Цайрт минерал" болон "Бороо Гоулд", "Оюу толгой" нөөц нь дуусаж байна. Оюутолгойг 2040 гэхэд бид нар ноогдол ашиг авах үед дөнгөж 5-хан хувь нь үлдэх нь. Монголын ард түмнийг 34 жил зальдсан уул уурхайн луйврыг ил зарлаж явахгүй бол Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч гэж байх хэрэгүй гэж би бодож байна. 

ЗГ-ын БЭТ бол онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд томилогддог албан тушаал. Одоо онцгой нөхцөл байдал үүссэн байна. Стратегийн 16 ордоос 9 ордыг хувийн компаниудад 2005-2007 онд шилжүүлсэн хүн нь Д.Жаргалсайхан.

 

Энэ хүн Ховдын Халзан бүргэдэйгээс эхлээд Бороогийн орд, Нарийн сухайтаас эхлээд Ухаа худаг хүртэл улсын төсвөөр хайгуул хийсэн стратегийн бүх ордуудыг 1997-2004 онд Ашигт малтмалын газраар ажиллаж байхдаа хувийн компаниудад албан тушаалаа ашиглаж олгосон байна. 

 

Энэ хүн одоо өөрөө Цайрт Минералаас хувь эзэмшээд явж байгаа. Энэ орд Сүхбаатар аймгийн стратегийн орд. Мөн ховдын Халзан бүрэгтэй гэж ордыг Жаргалсайхан хувийн компанид олгосон. Өөрөө одоо гурван стратегийн ордын далд эзний үүргийг гүйцэтгэж байна.

Одоо хулгайч нартай хэлэлцэл хийх үү, хулгайлагдсан ордоо буцааж авах уу гэдэг хоёрхон сонголт байна. Би ЗГ, УИХ-д тодорхой саналуудаа тавина. Монголын төр хулгайч нартай хэлцэл хийх гэж байгаа бол хулгайг дэмжиж байна гэсэн үг. 

Монголын төр авлигачидтай хэлцэл хийх гэж байгаа бол энэ бүлэглэлийн талд урвасан гэсэн үг. Би ҮАБЗ-д энэ бүхнийг удахгүй танилцуулна.

Аль орд нь хуулийн дагуу, аль нь хулгай луйврын замаар очсон бэ гэдгийг ҮАБЗ, Засгийн газар, Хууль зүйн сайд дүгнэлтээ гаргаад надад өгөх ёстой. Ингэж байж БЭТ энэ хүмүүстэй хэлцэл хийх үү, үгүй юү гэдгээ шийднэ. 

Өнөөдөр Ж.Батзанданг БЭТ-өөр томиллоо гэж бүх хэвлэл мэдээллээр муу хэлж байна. Та нартай хэлцэл хийж, та нартай тохирох хүн томилогдохыг та бүхэн хүлээж байсан байх. Тийм юм байхгүй.

Ер нь уул уурхай сүүлийн 30 жил хариуцлагагүй, авлига хулгай нүүрлэсэн хаалттай системээр явж ирсэн. Одоо энийг өөрчлөх цаг болсон. 

 

Удахгүй татвар, гааль, бүх яамдаас дүгнэлтүүд гаргуулна. Ховд аймагт байдаг Хөшөөтийн уурхай стратегийн том ордуудын нэг. Гэтэл хэдэн гэр бүл аваад 10 хэсэгт жижиглэж хуваагаад нөөцийг нь дараад бүртгүүлсэн байна. Энэ бол уул уурхайд нүүрлэсэн луйвар. Хөшөөтийн уурхайг УИХ руу оруулж стратегийн ордод бүртгүүлнэ. Энэ орд бүрийн ард нэг сайд, гурван УИХ-ын гишүүн байна. Энэ завхралыг одоо зогсооно.  

Эрдэнэт үйлдвэрийн хажууд үүсмэл ордыг ашиглаж байгаа гурван компани байна. Нэг үүсмэл ордыг П.Цагаан дарга, Эбэ дарга хоёр эзэмшдэг. Би П.Цагаан даргыг Монголдоо хурдан ирж хэлэлцээрээ хийхийг урьж байгаа. Хэрвээ үүнийг хулгайгаар авсан бол хэлэлцээр хийхгүй лицензийг шууд дараагийн этгээдэд шилжүүлнэ.

 

Хоёр дахь компани нь "Зэс Эрдэнэ"-ийн хувь гэж компани байгаа. Үүний 27 хувь нь иргэдэд очсон. Үүний цаана хоёр УИХ-ын гишүүн байгаа. Дүүгээ захирлаар нь томилсон. Хэрвээ хууль бусаар авсан бол хэлэлцээр хийхгүй.

Гурав дахь нь "Эрдмин" гэж компани байгаа. Одоо энэ компанийг манай Ерөнхийлөгч асны найзын хүүхдүүд эзэмшиж байгаа. Энэ гурван орд бол гурвуулаа албан тушаалын эрх мэдлээ ашиглаж Эрдэнэтийн овоолгыг ашиглаж байгаа хэдэн дарга нарын орд.

Би ЗГ-ын бүрэн эрхт төлөөлөгч гэдэг амаргүй ажлыг хүлээж авсан. Албан тушаал, эрх мэдлээрээ далимдуулж монголын ард түмний баялгийг дээрэмдсэн хүмүүстэй тулах ажлыг хийж байгаа. Намайг харлуулах юмыг өдөр болгон хийж байна. Би тэр хүмүүсээс айдаг хүн биш. Би төрийн ажлыг гардаж авсан бол дуустал нь хийдэг хүн. Энэ гурван ордтой хийх хэлэлцээр удахгүй эхэлнэ. Хууль бусаар авсан бол лицензийг хүчингүй болгоно. Дараагийн хэлэлцээрийн явцад Гашуунсухайт орж ирнэ. Өнөөдөр нэг жилийн дотор 2 их наядын орлого олсон байна. Бидний баялгийн сангийн хуримтлалын санд 470 тэрбум төгрөг байна. Тэр долоон компани нийлээд 2 их наядын орлого олсон байна. 30 жил бид нар доромжлууллаа. 

 

Одоо бага доромжлоорой. Нарийнсухайт ордыг 1995 онд Уул уурхайн сайд Жигжид гэдэг хүн Б.Нямтайширт өгсөн. Сайдын тушаалаар өгсөн. Б.Намтайшир энэ ордыг 2005 онд гадаадын банканд тавиад 500 сая ам.долларын зээл авсан. Тэгээд энэ уурхай эхэлсэн. Бидний баялгийг банканд тавиад Нарийнсухайтын ордыг ашиглалтад оруулсан. Улсын төсвөөр хийсэн ордуудыг аваад банканд тавиад уурхайг ашиглалтад оруулсан. Би бүх баримтуудыг холбогдох байгууллагуудаас авч байна.

 

Стратегийн ордуудад монополь үүсгээд байгаа гэр бүлүүдийг хязгаарлахын тулд Монгол Улс хуулиндаа өөрчлөлт оруулсан. Нэг стратегийн ордын 34-өөс дээш хувийг нэг этгээд буюу нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшихийг хориглоно гэж заасан. Гэтэл МАК-ийн ордууд Н.Номтойбаяр, Н.Цэлмүүн гэдэг хоёр хүн дээр байдаг. Стратегийн ордууд өв залгамжлагдахгүй. Н.Номтойбаяр, Н.Цэлмүүн хоёрыг баян болгох гэж монголчууд төрөөгүй. Тэгэхээр хууль хэрэгжүүлэхийг Нарийнсухайтаас эхлээд МАК хүртэл шаардана. 

Тавантолгойн орд 8 тэрбум нүүрсний нөөцтэй. 1950-иад оноос хойш хайгуул хийгээд нөөцийг нь тогтоосон. Гэтэл нэг гэр бүл Тавантолгой хоёр талд Ухаа худаг, Барууннаран гэдэг том ордыг эзэмшиж байна. Лицензээ Д.Жаргалсайханы үед буюу 1997-2005 оны хооронд авсан. Ухаахудаг 30 жилд 130 их наяд төгрөгийн орлого олох уурхай. Эзэмшлийнхээ асуудлыг Ж.Оджаргал гуай шийднэ. Стратегийн ордыг ганц гэр бүл дангаараа эзэмшихгүй. Ж.Оджаргал гуай танаас өөр хүн Монгол Улсад байдаг юм шүү. Монгол Улсын хуулийг зөрчиж уландаа гишгэж, Монголын ард түмнийг доромжилж байгаа бол энэ компанийн лицензийг хүчингүй болгоод дараа дараагийн компаниудад өгөх хэрэгтэй. Нүүрс ухаад Хятад руу зарж чадах олон Монгол хүн байгаа. Одоо больцгоо.  

34 жилийн энэ завхарлыг бид одоо хуулийн аргаар шийднэ. БЭТ-ийн хувьд би ийм санал тавьж байгаа. Хэрвээ бид нарыг эсэргүүцэж байгаа бол үзсэн шиг үзье. Надад айгаад байх юм байхгүй. 

38 том стратегийн ордыг жижиглээд бүгдийг нь ашиглаж байна. 18 жил хулгайгаар стратегийн ордод оруулахгүйгээр ашиглаж байна. Бүгдийг нь хувийн аж ахуйн нэгжүүдэд хуваагаад өгчихсөн. Одоо Монголын ард түмнийг доромжлохоо больцгоо” гэлээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Хурааж аваал (106.146.29.148)

    2025-02-21

    Хурааж аваад дараагийн луйвраа хийнэ биз

  • Бат (202.9.46.172)

    2025-02-21

    Зөв хүнээ тавьжээ одоо танаас их зүйл шалтгаална бодолтой л ажиллаарай наадуул чинь зүгээр суухгүй шүү