Скандинавын компаниудаас яагаад суралцах ёстой вэ

Lego, Novo Nordisk зэрэг Европын топ компаниуд тус бүс нутгаас төрөн гарчээ.

Копенхаген хот дахь Carl’s Villa байшингийн нэгдүгээр давхрын том өрөөнөөс зочид классик загварын хөшөө бүхий гоёмсог цэцэрлэгийг нь бишрэн зогсох аж. Art nouveau загварын уг байшинг Carlsberg компанийг үүсгэн байгуулагчийн хүү Карл Якобсен 1892 онд бариулжээ. Өдгөө уг байшинг хурал, уулзалтын зориулалтаар ашиглах болсон тус компани дэлхийн хамгийн том, хамгийн алдартай шар айраг үйлдвэрлэгчдийн нэг болоод байна. Carlsberg-ийн амжилт нэг талаараа Данийн компаниудын сайн ажиллагааны нууцтай гүнзгий холбоотой хэмээн өдгөө тус компанийг удирдаж буй Якоб Ааруп-Андерсен хэллээ. Өчигдөрхөн нэг хүн түүнээс ийм жижиг улс хэрхэн ийм олон том корпорациудыг төрүүлэн гаргадаг талаар нь асуусан аж. 

Даниас гадна Финланд, Норвег, Шведэд ч мөн адил. Скандинавын хамгийн том дөрвөн улс нь дэлхийн ДНБ-ий гурван хувь, хүн амын 0.3 хувийг бүрдүүлдэг. Гэвч эдгээр улсаас үндэстэн дамнасан олон корпорац төрөн гарчээ. Тухайлбал, Lego бол дэлхийн хамгийн их орлоготой тоглоом үйлдвэрлэгч, IKEA бол дэлхийн хамгийн том тавилга үйлдвэрлэгч юм. Түүнчлэн тоног төхөөрөмж үйлдвэрлэл (Atlas Copco),  харилцаа холбоо (Nokia, Ericsson), суудлын бүс (Autoliv), цахилгаан шат (KONE)-ны салбарт тэргүүлэгчид Скандинавын орнуудад бий. Үүн дээр хөгжмийн стримингийн хамгийн том компани Spotify, энэ чиглэлийн хамгийн том одоо-аваад-дараа-төл үйлчилгээ үзүүлэгч Klarna-г нэмэх хэрэгтэй. Шинэ эмийнх нь үр дүн хэрэглэгчдийн хүлээлтэд хүрээгүйн улмаас арванхоёрдугаар сард хувьцааны үнэ нь унасан ч Novo Nordisk нь Европын хамгийн үнэ цэнтэй компани хэвээр байна. Тус компани жин хасах эмээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг билээ. 

Скандинавын орны компаниуд сүүлийн 10 жилд Европын бусад улсын компаниудаас илүү өндөр гүйцэтгэлтэй ажиллажээ. Дээр дурдсан дөрвөн улсад нээлттэй хувьцаат компани болсон санхүүгийн бус чиглэлийн аж ахуйн нэгжүүдийн хувьцааны өгөөж нь сүүлийн 10 жилд Европын дунджаас өндөр байгаа юм. Европын хамгийн үнэ цэнтэй компаниудын индекс болох MSCI Europe-ийн 13 хувийг Скандинавын төлөөллүүд бүрдүүлж байгаа нь таван жилийн өмнөхөөс 10 хувиар өссөн үзүүлэлт болов. Ингэснээр тэд Германы компаниудтай зэрэгцэж ирээд байгаа юм. 

Скандинавын компаниуд зөвхөн тивийнхээ төдийгүй олон улсын түвшинд ч салбарынхаа компаниудаас дутахгүй үйл ажиллагаа явуулж байна. Тус бүс нутгийн хамгийн үнэ цэнтэй 20 нээлттэй компанийг хилийн чанад дахь өрсөлдөгчидтэй нь олон үзүүлэлтээр харьцуулжээ. Скандинавын компаниудын үйл ажиллагааны ашиг нь өрсөлдөгч компаниудын медиан үзүүлэлтээс 2023 онд долоон хувиар, хөрөнгө оруулалтын өгөөж нь таван хувиар илүү байжээ. Олон улсын бусад компанитай харьцуулахад үйл ажиллагааны ашигт эзлэх өрийн хэмжээ нь эдгээр 20 компанийн 14-т нь тун бага байв. Харин жил тутмын борлуулалтын өсөлт нь өрсөлдөгч нарынхтай ижил түвшинд байна. 

Мэдээж Скандинавын бүх компанийг амжилтын түүх хэмээн магтаж болохгүй. Батерей үйлдвэрлэгч Northvolt компани саяхан дампуурсан бол Nokia-гийн гар утасны бизнесийг iPhone бут ниргэсэн.

Гэхдээ Скандинавын компаниудын амжилтад аз тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэжээ. Тус бүс нутаг нь мод, төмрийн хүдэр, Норвегийн хувьд газрын тос, байгалийн хий зэрэг байгалийн баялаг ихтэй. Гэхдээ л Скандинавын компаниудын амжилт үнэхээр бахархам юм. Үүнийг чухам юугаар тайлбарлаж болох вэ?
Скандинавын бизнесмэнүүд викинг өвөг дээдэс шигээ гадаад улсыг байлдан дагуулагчид байдаг нь эхний хүчин зүйл юм. “Манайх жижиг улс учраас гадаад руу заавал хараа сунгах шаардлагатай болдог. Энэ бол бидний хувьд аз завшаан” хэмээн Ааруп-Андерсен хэлэв. Скандинавын хамгийн үнэ цэнтэй 10 компанийн дотоодоос төвлөрүүлсэн орлогын медиан хэмжээ нь хоёр хувь, олон улсаас олсон орлого 12 хувь байгаа нь Европын ижил төстэй компаниудтай харьцуулахад 12 хувь, Америкийнхаас 46 хувиар илүү байна. Үйлдвэрлэлийн хэмжээгээр дэлхийн хамгийн том үнэт эдлэл үйлдвэрлэгч Pandora-гийн санхүү хариуцсан захирал Андерс Бойерын өгүүлснээр компани нь Копенхагенд ганц дэлгүүртэй байснаа 7-8 жилийн дотор дэлхийн хэмжээнийх болж тэлсэн ажээ. Өнөөдөр Дани дахь борлуулалт нь тус компанийн борлуулалтын дөнгөж нэг хувийг эзэлж байна.
Скандинавын компаниуд технологийг маш хурдан өөриймшүүлж, шинээр сэтгэж чаддаг нь хоёр дахь хүчин зүйл юм. Lego компанийг үүсгэн байгуулагч Дэлхийн II дайны дараа хуванцрыг хэвд оруулдаг цоо шинэ машиныг туршиж үзсэнийхээ дараа бараг жилийн борлуулалтын орлоготой нь тэнцэх үнэтэй тус машиныг хэрэглэхээр шийдэж, модон тоглоом үйлдвэрлэхээ багасгаж эхэлжээ. 

Өнөөдөр ч энэхүү шинийг туршигч сэтгэлгээ бат бөх оршсоор байна. Статистикийн Eurostat агентлагийн мэдээллээс үзвэл Европын холбоон дахь 10-аас олон хүнтэй компаниудын 45 хувь нь үүлэн тооцооллын үйлчилгээ ашигладаг ажээ. Харин Скандинавын дөрвөн улсад энэ үзүүлэлт 73 хувь байдаг юм. 

Скандинавчууд технологи шүтдэгийг стартапуудынх нь үзүүлэлтээс харж болно. Европын хотуудаас Лондон, Парис, Берлин л Стокхольмоос олон венчюр хөрөнгө оруулалт татдаг. Гэтэл Шведийн нийслэл нь дурдсан хотуудаас хамаагүй цөөн хүн амтай билээ. Хельсинк хот тоглоом хөгжүүлэгчдээрээ алдартай. Тухайлбал, “Angry Birds”-ийг бүтээгч Rovio, Clash of the Clans-ийг бүтээсэн Supercell-ийг дурдаж болно. Түүнчлэн ажилгүйдлийн тэтгэмж маш сайн, нийтийн эрүүл мэнд, боловсролын систем дээд зэргээр хөгжсөн учраас бүтэлгүйтсэн ч амьжиргаа нь хэцүүдэхгүй гэдгийг мэдэх учраас Скандинавын орнуудын энтрепренерүүд адармаатай сорилтоос эмээдэггүй аж.

Скандинавын компаниудын амжилтад нөлөөлдөг гурав дахь хүчин зүйл бол Засгийн газрын бодлого юм. Скандинавын орнуудын хувь хүний орлогын өндөр татвар нь нийгмийн хамгааллын чиглэлийн өгөөмөр бодлого хэрэгжүүлэхэд нөлөөлдөг бол аж ахуйн нэгжийн татвар нь Америктэй ижил түвшинд байдаг. Вашингтонд төвтэй Heritage Foundation байгууллага нь замын түгжрэл, бизнесийн эрх чөлөө, дүрэм журам зэрэг хэмжүүрийг ашиглаж улс орнуудын эдийн засгийн эрх чөлөөний индексийг жил бүр гаргадаг. Дани, Норвег, Швед улс уг индексийн эхний 10-т багтдаг юм. Европын бусад улстай харьцуулахад Данид ажилд авах, халах процесс маш хялбар бөгөөд дижитал шилжилтийг амжилттай нэвтрүүлснээр бизнес эрхлэхэд хялбар орчныг бүрдүүлж чаджээ. Данийн тээврийн аварга том компани Maersk-ийн босс Винсент Клеркийн өгүүлснээр “Нэг өдрийн дотор НӨАТ-ын дугаар авч болдог” аж. Харин Францад энэ процесс таван сар үргэлжилдэг. 

Скандинавын 2023 оны хамгийн үнэ цэнтэй 10 компани

Infographic listing the top 10 most valuable Nordic brands of 2023. Brands include IKEA, Equinor, H&M, Volvo, Nokia, LEGO, Maersk, Spotify, Nordea, and Telenor, with their respective brand values in euros and country flags.

Эх сурвалж: Brand Finance Nordic 150

Скандинавын компаниудын цойлолтод нөлөөлж буй дөрөв дэх хүчин зүйл бол тэвчээртэй хувьцаа эзэмшигчид нь юм. Зөвлөх үйлчилгээний McKinsey компанийн мэдээллээс үзвэл Скандинавын том компаниудын 75 хувь нь олон жилийн туршид цөөн эздийн өмчлөлд байдаг. Maersk, Lego компаниудыг өдгөө ч үүсгэн байгуулагч Мөллер, Кристиансений гэр бүл эзэмшсээр байгаа бөгөөд өдөр тутмын үйл ажиллагааг нь мэргэшсэн менежерүүд удирддаг. Өөрөөр хэлбэл, бизнесийн эзэнт гүрнүүд тус бүс нутагт ихээхэн үүрэг гүйцэтгэж байна. Анх банкны салбараас эхэлж байсан Уолленбергийн гэр бүл Atlas Copco, Eriksson зэрэг янз бүрийн компанид их хэмжээний хувь эзэмшдэг. Харин Carlsberg, Novo Nordisk зэрэг Скандинавын зарим  том компанийн хяналтын хувийг ашгийн бус сангууд эзэмшиж байна.
Ийм зохион байгуулалт нь Скандинавын компаниудыг гаднын фирмүүдийн эрхшээлд орохоос сэргийлж, өсөж томрох хангалттай цаг хугацааг өгчээ. Түүнчлэн эдгээр улс компаниудад урт хугацааны амжилтдаа хөрөнгө оруулах боломжийг олгодог байна. Скандинавын компаниудын 70 гаруй хувь нь Барууны бусад улстай харьцуулахад судалгаа, хөгжүүлэлтэд илүү их хөрөнгө зарцуулдгийг McKinsey онцолсон. Компани нь 10-20 жилийн дараа ямархуу байхад голлон анхаарч буйгаа Novo Nordisk-ийн захирал Ларс Фрюргаард Йоргенсен дурдаж байв.

Гэсэн хэдий ч Скандинавын компаниудын бизнес загвар ирэх жилүүдэд эрсдэлд өртөх магадлал бий. Хилийн чанад дахь үйл ажиллагаанд ихээхэн тулгуурладаг учраас Скандинавын компаниуд нь геополитикийн давлагаанд өртөх өндөр эрсдэлтэй юм. Зарим нь аль хэдийн өртөөд эхэлсэн. Carlsberg-ийн ОХУ дахь бизнест тус улсын эрх баригчид халдаж “түр хугацаагаар удирдлага”-ыг нь гартаа авч буйгаа 2023 онд зарласан. Улмаар 2024 оны арванхоёрдугаар сард тус компани Орос дахь үйл ажиллагаагаа дотоодын хоёр үйлдвэрлэгчид маш хямд үнээр худалдахаас аргагүй болж байв. Maersk компанийн усан онгоц, чингэлэгүүд Улаан тэнгист хути бүлгийн пуужингийн довтолгоонд өртсөн учраас Суэцийн сувгаар дамжин өнгөрөхөөс аргагүй болж, энэ нь цаг хугацаа, зардлыг нэмэгдүүлж байна. 

АНУ-ын Ерөнхийлөгчөөр Д.Трамп хоёр дахиа сонгогдсон учраас хилийн чанадад бизнес эрхлэхэд улам амаргүй болно. Импортын бараанд улс харгалзахгүй 10 хувийн татвар ногдуулахаа тэрбээр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр амлаж байсан билээ. Гэхдээ Д.Трампын уур хилэн ерөнхийдөө Мексик, Канад, БНХАУ-д төвлөрч байгаа учраас энэхүү амлалт нь биелэхгүй байх магадлал бий ч ирэх жилүүдэд Америкийн төрийн бодлогод худалдааны тийм ч таатай бус бодлого улам гүнзгий ажиглагдана хэмээн улс орнууд эмээж эхэлсэн. Ингэвэл байдал тийм ч таатай бус болно. Учир нь Скандинавын хамгийн үнэ цэнтэй 10 компанийн борлуулалтын 30 гаруй хувийг АНУ бүрдүүлдэг юм. 

Энэ бүхнийг даван туулахад нь Скандинавын компаниудад дөрөв дэх хүчин зүйл туслах ёстой. Скандинавын компаниуд яагаад өндөр амжилттай ажиллаж буй нууцын талаар лавлахад Lego-гийн захирал Нильс Кристиансен алдарт эрдэмтэн Ч.Дарвинаас эш татаж “Хамгийн хүчтэй нь бус харин өөрчлөлтөд хамгийн сайн дасан зохицож чадсан нь амьд үлддэг” гэж хариулсан. Цагаан ордонд Д.Трамп эзэн суух гэж байгаа энэ цаг үед эдгээр үгс урьд урьдынхаас илүү ач холбогдолтой болж байна.

Эх сурвалж: The Economist

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)