Ч.Хашчулуун: Долларын гадагшаа урсгалыг бууруулах хэрэгтэй

Эдийн засагч Ч.Хашчулуунтай ярилцлаа.

 

-АНУ-ын шинэ ерөнхийлөгч Доналд Трамп тангараг өргөснийхөө дараа Мексик, Канад болон Хятадаас импортлох бүтээгдэхүүнд тариф тогтоох шийдвэр гаргалаа. Ингэснээр “Худалдааны дайн” өрнөх нь гэдгийг шинжээчид хэлж байна. Хэрвээ “Худалдааны дайн” эрчимжвэл энэ нь Хятадын эдийн засаг, цаашлаад глобал эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ? 

 

-Трампын эдийн засгийн бодлого хараахан эцэслэгдээгүй байна. Гэхдээ ойрын хүмүүс нь боловсруулсан 3/3 гэсэн төлөвлөгөө нийтлэгдсэн. Гол санаа нь нэгдүгээрт, Америкийн төсвийн алдагдлыг ДНБ-ий гурваас доош хувьд хүргэх. Хоёрдугаарт, эдийн засгийн гурван хувь хүртэл нэмэгдүүлэх. Гуравдугаарт, газрын тосны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, үнийг бууруулах. Эдийн засгийн хувьд ийм төлөвлөгөөтэй байгаа.

 

Гадаад худалдааны хувьд Трампын Засгийн газар бусад улс орнуудад тариф ногдуулах шийдвэр гаргасан нь үнэндээ зөвхөн эхлэл гэж эдийн засагчид үзэж байгаа. Дараагийн шатанд нэлээд олон улсад тариф ногдуулахахаар ажиглагдаж байна.

 

Цаашилбал, Хятадын эдийн засагт нэмэлт тариф ногдуулахыг үгүйсгэхгүй. Мэдээж энэ нь АНУ-ын хувьд тодорхой хэмжээгээр зах зээлээ хамгаалах гэсэн л бодлого юм. Гэвч энэ байдал дэлхийн эдийн засагт нэлээд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл бий. Учир нь “Худалдааны дайн” эхлэхээр бусад улс орнууд адилхан хариу арга хэмжээ авч эхэлдэг. Өмнө нь 1930-аад оны эхээр ийм үйл явдал болж, дэлхийн эдийн засаг нэлээд гүн хямралд орж байсан түүхтэй. Энэ удаад хямрал болох талаар хараахан яриа байхгүй ч дэлхийн худалдааны хэмжээг багасгаж, бараа таваарын үнийг өсгөх нь тодорхой юм. 

 

-Монголын хувьд экспортын ихэнх бүтээгдэхүүнээ БНХАУ руу гаргаж байгаа. Мөн импортын хувьд ч тэр урд хөршөөс нэлээд өндөр хамааралтай. Энэ нөхцөлд “Худалдааны дайн”-аас үүдэлтэй Хятадын эдийн засагт гарах өөрчлөлт Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нь анхаарал татсан асуудал болоод байна?

 

-Монголын эдийн засгийн хувьд Хятад экспортын гол зах зээл учраас энэ улсын эдийн засгийн өсөлт бидний сонирхлыг татаж байгаа. Хятадын эдийн засаг өсөлт сүүлийн дөрвөн жилд буюу ковидоос хойш удааширсан хэдий ч дотооддоо бүтээн байгуулалт, хөгжил нь эрчимтэй явагдсаар байгаа. Ялангуяа цахилгаан машин, тоног төхөөрөмж, электроникийн салбарт дэлхийд тэргүүлэх замдаа аажмаар орж байна. Гэсэн хэдий ч эдийн засгийн нийт өсөлт нь бага зэрэг удааширч байгааг дагаад манай зах зээлээс авах нүүрс болон бусад түүхий эдийн ханшид сөргөөр нөлөөлөх талтай. Үүнийг Трамп Ерөнхийлөгч болох үеэс эхэлсэн гэж шууд хэлж болохгүй.

 

Ерөнхийдөө өнгөрсөн намраас ийм зүйл ажиглагдаж байсан. Нүүрсний зах зээл дээр нэлээд өрсөлдөөн өрнөж эхэлсэн. Австрали, Монгол Улс Хятадын зах зээл дээр өөрийн байр, сууриа бэхжүүлсэн бол ОХУ-ын хувьд Хятад руу гаргаж буй экспорт нь түүхэн доод түвшинд хүрч, буурсан байгаа.

 

Ийм нөхцөлд бүгд л үнийн өрсөлдөөнд орж, үнээ бууруулах талдаа байна. Тэгэхээр манай улсын хувьд цаашид экспортлох нүүрсний тоо хэмжээнд төдийлөн нөлөө гарахгүй ч үнийн өөрчлөлтөөр дамжаад экспортын орлогод нөлөө үзүүлнэ. Тэр хэрээр Монголын эдийн засагт орж ирэх ам.долларын урсгал багасна гэсэн хүлээлт бий. 

 

-Ам.долларын урсгал багасахаар төлбөрийн тэнцэл, валютын ханшаар дамжаад сөрөг нөлөөллүүд орж ирэх байх? 

 

-Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр гээд Монголын экспортын голлох бүтээгдэхүүнүүдээс орж ирэх экспортын орлого багасвал дотоодод орж ирэх ам.долларын урсгал мөн л багасна. Үүнээс хамааралтайгаар ханш өсөх аюул бий гэдгийг хэлэх нь зөв. Засгийн газраас зарласан 14 мега төсөл бий. Энэ мега төслүүд хэрэгжээд эхэлбэл, их хэмжээний бүтээн байгуулалт явагдана. Мөн нийслэлийн хэрэгжүүлэх 23 мега төсөл бий. Эдгээр нь дэд бүтэц, тоног төхөөрөмж, барилгатай төслүүд учраас их хэмжээний импорт явагдана. Тэр хэрээр ам.долларын эрэлт хэрэгцээ өсөхөөр байгаа. Энэ үйлдвэрүүд, дэд бүтцийн төслүүд үр өгөөжөө өгөх цаг нь болоогүй учраас шууд үр ашгаа өгөөд, экспорт өснө гэж хүлээж болохгүй.

 

-Тэгвэл глобал эдийн засгийн орчин ийм тодорхойгүй, эрсдэлтэй байгаа үед Монгол Улс бодлогын хувьд ямар хариу арга хэмжээ авах хэрэгтэй вэ?  

 

-Төлбөрийн тэнцлийг алдагдал багатай буюу ашигтай байлгахын тулд Монголын эдийн засагт ам.долларын дотогшлох урсгалыг бий болгож, нэмэгдүүлэх л шаардлагатай. Ингэхийн тулд Засгийн газар, Их Хурлаас тодорхой дэмжлэг үзүүлж болно. Ингэж ам.долларыг их хэмжээгээр татсанаар нийлүүлэлтийг хэвийн түвшинд байлгах боломж бий. Нөгөө талаас томоохон төслүүдийг хэрэгжүүлэхдээ импортыг аль болох бага байлгах нь чухал. Эхний ээлжид, цахилгаан, эрчим хүчний төслүүдээ хэрэгжүүлэх. Ингэснээр жилд гаднаас цахилгаан, эрчим хүч импортлоход зарцуулж буй 300 гаруй сая ам.долларыг хэмнэх боломжтой. Мөн нефть боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулж чадвал бензин шатахуун импортлоход зарцуулж буй тэрбум гаруй ам.долларыг хэмнэж, дотооддоо үлдээх боломжтой. Гэх зэргээр гаднаас ам.доллар татах, гадагшаа чиглэж буй ам.долларын урсгалыг багасгах талын арга хэмжээг авах хэрэгтэй.

 

 

Б.БОЛОР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)