Э.Оюунболд: Үнэн ялах цаг ирнэ

Улсын арслан Э.Оюунболд өнгөрсөн амралтын өдөр Хэнтий аймгийнхаа Өндөрхаан уулын хишиг барилдааныг үзэж сонирхсон байна. Тэрбээр барилдааны үеэр хэвлэлд ярилцлага өгөхдөө “Нутгийн ард түмэн маань олон жил хэл аманд өртөж, хэлмэгдэн нүдүүлж явахад урам өгч, дэмжиж ирсэн. Үнэн шударга зүйл ялах цаг ирнэ. Би тэр өдрийг маш их хүлээж байна” гэсэн юм.

Э.Оюунболд 2019 оны Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн ч допинг илэрч улмаар Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос 2019 оны аравдугаар сарын 24-ний өдөр Э.Оюунболдын аварга цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд цол, чимэг олгох тухай тогтоол гаргаж, дараагийн шатны байгууллага, удирдлагуудад хүргүүлж цол чимгийг тухайн үед нөхөж олгосон байдаг.

Өнгөрсөн жил МҮБХ-ны дэргэдэх допингийн хэргийг хянан шийдвэрлэх хараат бус комисс /2024.07.09/ хуралдаж, Э.Оюунболдын барилдах эрхийг 2023 оны хоёрдугаар сарын 20-ноос 2025 оны зургадугаар сар хүртэл хасч шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл түүний барилдах эрхийг хоёр жил дөрвөн сараар хассан юм.

Э.Оюунболд арслан өмнө нь энэ тухай цахим хуудсаараа дамжуулан "Би улсын наадамд л барилдах хүсэлтэй байна. Хэд давах нь хамаагүй. Допингийн холбооны Ж.Хатанбаатартай гэдэг хүнтэй уулзмаар байна. 2019 оны допингийн шинжилгээний хариугаа авмаар байна. 2022 онд намайг өвдөгний бэртэлтэй доголон байхад допинг илрүүлсэн. Би доголон байж хэнийг давна гэж допинг хэрэглэх юм бэ. 2019 онд допингийн холбооны эмч Энхсанаа гэдэг хүн миний шинжилгээнээс адууны бэлдмэл гарсан гэсэн. Адууны бэлдмэл хэрэглэсэн хүн ингээд байж байх уу? Намайг үргэлж дэмждэг Хэнтий нутгийн ард түмэн, Монголын ард түмнээ баярлуулмаар байна" гэж хэлж байсан удаатай.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)