Жаргал даахгүйн зовлон /Монгол солонгосчуудын жишээн дээр/
- 2021-12-08
- Нийтлэл
- 1
БНСУ-д амьдарч буй монгол охин солонгосчуудад доромжлуулан зодуулж хохирсон бичлэг мэдээлэл монгол түмнийг хиртхийлгээд байна. Ардчилал, соёл, ёс зүй хөгжсөн гэх орны хувьд байж боломгүй зүйлсэн.
Хүний нялх үрийг балмадаар доромжлон зодож хүчирхийлсэн иргэдээ солонгосын цагдаа өмөөрч хэргээс хаацайлсан байх юм. Цагдаа бол төрийн нүүр нударга тиймээс БНСУ-ын төр гадаадын иргэдийг хүчирхийлж доромжилж байгаа л гэсэн үг л дээ.
Хүн гэдэг амьтан жаргал даахгүй зовлон даадаг гэдэг. Тун саяхан дэлхийн 2-р дайны дараа хоорондоо байлдаж хоёр хуваагдсан солонгосчууд Япон Герман гэх мэт олон оронд боолын хөдөлмөр эрхлэж өнөөгийн Хан мөрний зэрэглээ гэж нэрлэгдсэн өндөр хөгжсөн БНСУ-ыг бүтээгээд байгаа билээ. Харийн оронд боолын хөдөлмөрт зовж зүдэрч байсан солонгосчуудын амссан зовлонгийн тухай зөндөө л мэдээлэл байдаг. Харин түүнээ Өмнөд солонгосчууд мартсан болтой. Зүй нь зовлон үзсэн хүн хүний зовлон ойлгодог л юмсан.
Дэлхийн түүхэнд том мөрөө гарган нэгэнтээ хүчирхэг явсан Монгол төрийг гундуулсан арчаагүй эрх баригчдын гайгаар одоо монголчууд амьдрахын эрхэнд хүний газар боолын хөдөлмөрт зүтгэж амьрал ахуйгаа, улс орноо тэтгэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Энэ явцад солонгосчуудын монголчуудыг дээрэлхэж, цалингаа өгөхгүй, бэлгийн дарамтанд оруулдаг, зодож доромжилж байсан тухай зөндөө зүйл яригддаг боловч нэг их хэл ам болгодоггүй ээ манайхан. Харин одоо нялх үрсийг маань хүний ёсноос гадуур дээрэлхэчихээд дахиад нэмж дарамтлаад байгаад монголчууд ундууцаж байна. Иргэдээ өмөөрөх төр гэж байхгүй улсыг захын хүн л дээрэлхэж байна даа.
Мэдээллийн хэрэгслээр гарч буй бичлэг, ярилцлагаас үзэхэд энэ хэрэгт:
- Дарамталсан
- Гутаан доромжилсон
- Зодож танхайрсан
- Хүн барьцаалсан
- Хүний ёсноос гадуур зэрлэгээр тамласан, харгисласан
- Насан туршид сэтгэл зүйд нь үлдэх аюултай шарх үүсгэсэн
- Алахыг завдсан
- Төр нь /цагдаа/ гэмт хэрэгтнээ хаацайлсан
- Гадаадын иргэдийн эсрэг үйлдсэн хэргүүдийг нуун дардаг
- Хүн төрөлхтөний үнэт зүйлсийг үл тоодог
- Тухайн улсын үндэсний ёс зүй гэж зүйл байхгүй болсон
- .....
- ..... гэх мэт олон ёс бус зүйл ажиглагдаж байгаа бөгөөд манай улсын хуульчид өмгөөлөгчид хуулийн хэллэгээр олон зүйлчлэлийг олон улсын хууль эрх зүйд нийцүүлэн гаргах биз ээ. Монголын Хүний эрхийн үндэсний хороо, сэтгүүлчид, хуульчид, төрийн зүгээс олон улсын хүний эрхийн байгууллагууд болох Эмнести интернейшнл, Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн байгууллага, НҮБ, олон улсын шүүхэд БНСУ-ын гадаадын иргэд, цагаачдын эсрэг хүний эрх, ёс зүй, ардчиллыг хэрхэн гутаан доромжилж буйг энэ жишээгээр баримтжуулан хандах байх гэж найдна. Хэрэв тэд хийхгүй бол өөрсдийгөө, ард түмнээ хамгаалахад туслах мэдлэг боловсролтой арга замыг нь мэддэг олон монголчууд бас бий.
Монгол улсыг ядарч явахад хэдэн төгрөгөөр тусласнаа их юманд бодоод дээрэлхэж, доромжилж байсныг хожим түүх мартахгүй л дээ.
БНСУ-д боолын хөдөлмөрт зүтгэж амьдралаа залгуулж буй гадаадын олон орны иргэдийн эсрэг солонгосчуудын үйлдсэн хэргүүдийг цуглуулан дэлхийн томоохон мэдээллийн хэрэгслүүд CNN, BBC болон, хэлмэгдсэн иргэдийн орнуудын хэвлэл мэдээллээр зарлах нь зүйтэй. Энэ бол найрамдалт харилцаатай БНСУ-ын эсрэг үйлдэл биш харин тухайн улсад үүсээд байгаа болон цаашид үүсч болох маш олон хүндрэлийг засахад тус болох зүйл ээ. Ганц солонгосын асуудал ч биш эд баялаг, эрх чөлөөндөө бялуурч хүн ёсоо алддаг хүмүүс, улс орнууд, ард түмнүүдэд сургамж болох ачтай тустай үйл болох юмаа. Солонгосчууд ч гэсэн өөрийн үндэсний итгэл үнэмшил, үнэт зүйлсийн хөгжил хаашаа явж байгааг гадны нүдээр олж харан /дотроо бол мэдрэмжээ алдсан болтой/ ирээдүйд үүсч болох эрсдэлээс сэргийлэх бизээ. Солонгосчуудын Korean national ethics буюу үндэсний ёс зүйг бүрдүүлэхэд оролцдог боловсрол, соёл, төр, шашин нь өөрсөддөө дүгнэлт хийх биз ээ.
Ямартаа ч байсан бидэнд туслах хэн ч байхгүй монголчууд өөрсдөө л хөгжвөл харийн улсын хүүхдүүд энэ мэтээр гутаан доромжлохгүй цаг ирнэ гэж бодож одоо алдарт яруу найрагчийн хэлснээр амьддаа бие биенээ хайрлая аа.
Харин миний энэхүү нийтлэлийг хэвлүүлэн түмэнд хүргэхийг Монголын сайтууд, аль болох олон хэлнээ орчуулан нялх монгол үрийг маань хүчирхийлсэн баримтыг хавсарган дэлхий дахинаа түгээх, хүний эрхийн, хуулийн байгууллагуудад хүргэх, БНСУ-ын засгийн газар, олон нийтэд хүргэх ажлыг хийхийг арга учрыг мэддэг монголчууддаа уриалья аа.
Сэтгэл өвдөж бичсэн Ц. Мөнхжаргал
2021 -12 -4
Сэтгэгдэл (1)
зо (202.21.127.170)
овоо босгоогүй бол...