Аюулгүй байдлын стратегич
- 8 цаг 29 мин
- Нийтлэл
- 0
126:1 Аюулгүй байдлын стратегич
Өдгөөгөөс хорь шахам жилийн өмнө хэдэн гишүүд монгол төрийн гал голомтыг тойрон суугаад нам эвсэл, хөрөнгө санхүүгээр талцан, галыг нь өрдөж байв даа. Ийм л эмзэгхэн цагт “Үндэсний аюулгүй байдал гэж тухайн улсын оршин тогтнохуйн язгуур эрх ашиг, аливаа аюул заналаас найдвартай хамгаалагдсан байх хэрэгтэй” хэмээн асуудал хөндөн орж ирсэн залуу бол Жадамбын Энхбаяр. Тухайн үед парламент хэмээх тулганд тусгаар тогтнол, аюулгүй байдал гэсэн цучил өргөж, дөлийг нь зөв зүгт бадраасан энэ залуу хэн бэ хэмээн учир мэдэх хүмүүс өөр зуураа олзуурхаж, бас дотор, гаднаа “хэн бэ” хэмээн цочирдон хүлээж авсан.
Арга ч үгүй. Төрийн эрх барих дээд байгууллагын танхимд хувийн эрх ашгаа уралдуулж суусан акулууд дээр гуч гаруйхан настай, үл таних шинэ залуу орж ирээд том ярихаар хирдхийн хүлээж авна. Тэр тусмаа улсынхаа аюулгүй байдал, үндэстний язгуур эрх ашгийг хамгаалах том санаа нь эсрэгээрээ ах нарынхаа эрх ашгийг хөндөж байхад цочирдолгүй ч яахав.
Гэхдээ тэр улс төрд шуудхан орж ирээгүй. Тэртээх 2000 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газрын даргаар төрийн албаа эхлүүлж, Улаанбаатар хотын гаалийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, дэд дарга, Гаалийн ерөнхий газарт зөвлөх, 2008 он хүртэл Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, Тамгын газрын даргаар ажилласан гэхээр төрийн албанд найман жил зүтгэж байж өндөр төрийн босго алхжээ.
УИХ-д ирэх болсон шалтгаан нь ч аюулгүй байдал байх гэж боддог. Цэргийн нэгдсэн дээд сургууль төгссөн хүнд уугуул чанар нь байж таарна. Хамгийн том нөлөө гэвэл Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Ш.Жадамба агсны хүү гэхээр нялх багаас нь суулгаж өгсөн үзэл санаа нь тусгаар тогтнол, аюулгүй байдал байж таарна. Магадгүй төр, армийн нэрт зүтгэлтэн эцгийнх нь захиас ч юм билүү, хэн мэдлээ.
Энэ цагаас хойш Ж.Энхбаяр хэмээх цэл залуудаа буурал суусан нөхөр улс төрийн хар цагаан хөлөг дээр өөрийнхөөрөө нүүж эхэлсэн. Адармаатай энэ хөлөг дээр нүүдэл хийж байгаа хүнд алдаа оноо байлгүй л яах вэ. Гэхдээ өнөөдөр түүний хожсон эсэхийг дүгнэхэд эрт байна. Яагаад гэхээр тэр одоо ч хожихын тулд нүүж байгаа идэрхэн эр. Хожсон гэвэл улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг манаж байгаа цөөн улстөрчийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Хожигдсон гэвэл улс төрийн хөлөг дээрх өрсөлдөгчид Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан мэт аар саархан харлуулах оролдлого юм. Тэр нь өөрийнх нь нэр дээр ч байдаггүй компани бизнесийн төрлийн зээлийг авах ёстой сангаас нь аваад төлөх цагт төлчихсөн ийм л явдал. Үүнээс өөрөөр түүнд оролдоод байх юм түй ч байхгүй учраас өрсөлдөгч тоглогч нар залхаад хаясан байх.
Монгол Улсын батлан хамгаалахын салбарт эрдэнэ мэт үнэлэгдэж явсан, сайд, генерал эцгийн нөмөрт өссөн хүнээс өөр юу ч гарах билээ. Тиймдээ ч аавынхаа төрж өссөн Говь-Алтай аймгаас нэр дэвшин, парламентад ороод ирсэн. Мэдээж хэрэг “Сайн эцгийн нэрийг гурван удаа худалдаж иддэг” юм гэсэн. Мань эр лав нэг удаа худалдаад сүйд болдоггүй юм гэхэд нэр нөлөөг нь ашиглачихсан. Энэ бол булзах аргагүй үнэн. Алтайн сүрлэг уулсын хүлэг сульдаасан хөх салхинд төрж өссөн эцгийн буянг дааж чадвал байж таарна. Ш.Жадамба генералыг Ерөнхий сайд Д.Бямбасүрэн “Нөмөр түшигтэй төрийн сайд” хэмээсэн бол Оросын Цэргийн командын академийн захирагч И.Н.Воробьев Монгол Улсад ирээд буцахдаа “Монголын алт” хэмээн үнэлсэн байдгийг олон дурсамжаас харж байв. Тиймдээ ч Ж.Энхбаяр “Аав минь хэдий дэргэд байхгүй ч тэр хүний түмэн олондоо дуурсаж үлдсэн нэр хүнд, хийж бүтээсэн ажил үйлс нь үр хүүхдээ хүмүүжүүлдэг юм байна. Өнөөдөр ойр дотны минь хүмүүс намайг аавын минь нөлөөгөөр хүмүүжүүлж, сургаж, үүрэгжүүлж хариуцлагатай болгож байна” нэгэнтээ хэлсэн байдаг.
Энэ л үр нөлөө, багын хүмүүжил сурсан сургууль, хашсан алба, үзэл санааг нь харахаар өөрийн эрхгүй түүнийг “Аюулгүй байдлын стратегич” гэж нэрлэмээр санагддагаа нуух юун. Тэрбээр УИХ-д гурван удаа сонгогдохдоо Батлан хамгаалахын сайдаар нэг удаа, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар хоёр удаа томилогдсон. Төрийн албанд ч аанай л үндэсний аюулгүй байдлын чиглэлд ажилласан хүн.
Өдий дайд яваагийн нэг зүйл нь боловсрол байж таарна. Ж.Энхбаярын хувьд нийслэлийн 10 жилийн нэгдүгээр сургууль дүүргэн, Цэргийн сургуульд сурсан бол МУИС-ийг Эрх зүйч мэргэжлээр, Нидерландын Хаант Улсын Маастрихтын их сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан, англи, орос хэлтэй гэхээр парламент дотроо боловсролын хэмжээнд бол хаяа хатавч бараадах нэгэн лав биш. Бизнесийн удирдлага гэснээс тэр зах зээлийн нийгэмд шилжиж ахуй цагт “Нэхий” компани, “Сүлжмэл” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Газар” компанийн захирлаар ажиллаж байсан бизнесийн туршлагатай хүн. Бизнесийн орчин бол түүнийн цэл залуу хорин хэдэн насыг ухаан суулгаж өгсөн талбар байх учиртай. Бизнес бол ухаан, стратеги, заль гээд олон зүйл зэрэгцүүлэн зардаг өрсөлдөөний том талбар.
Түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаагүй цагт ч Ерөнхий сайд нь Ажлын албаны дарга, зөвлөхөөр дэргэдээ авч ажиллуулна. Эсвэл Ерөнхийлөгч нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, зөвлөхөөр авч ажиллуулна. Хүнд сорилтын өмнө тулгарахад аанай л голомт газарт ажиллуулна гэхээр яах аргагүй л төрд хэрэгтэй хүн гэж хаана хаанаа үздгийн нэгэн илрэл биз ээ. Хамгийн наад захын жишээ гэхэд Монгол Улс төдийгүй дэлхий нийтээр цар тахлын давлагаатай хүнд үед Ерөнхий сайдын Ахлах зөвлөхөөр ажиллаж байсан түүнийг Дархан-Уул аймагт ажиллуулж байх вэ дээ. Цар тахлын хүнд цагт тэр Дархан-Уул аймгийг хамгийн бага эрсдэлтэй авч гарсан. Энд өнөөх л аюулгүй байдлын стратеги, цэргийн хүний нэгдсэн зохион байгуулалт, төрд ажилласан туршлага гээд олон зүйл хэрэг болсон биз ээ. Гэвч тэр зөвхөн үндэсний аюулгүй байдлыг манаж суугаад байдаг юм биш. Улстөрч хүний хувьд ханилж яваад түлхэх энэ талбарт өөрийгөө хамгаалахаас гадна буруу зүйлийн төлөө нам эвсэл харгалзахгүй “тулалдана”, улстөржих ч үе гарна. Энэ тухайд улстөрчид олны өмнө ил байдаг учраас дурдаад яах вэ.
Нөгөө талаар, УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдон ажиллахдаа зүгээр суугаагүй. Олон хууль санаачилж ард нь гарсан. Энд олныг нуршаад яах вэ. Түүний санаачилсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа эрх ашиг нь хөндөгдсөн нөхдүүд нэг хэсэг баалж байсныг санаж байна. Мушгин гуйвуулж ч байв. Сонгогдсон тойргууддаа бол бодит хөрөнгө оруулалт чамгүй хийсэн. Говь-Алтай аймгийн олон сумыг цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбож, Баянзүрх дүүргээс сонгогдож ажиллахдаа сургууль, цэцэрлэг ч цөөнгүй нэмсэн гээд дурдаад байвал олон зүйл бий.
Түүнийг үхрийн фермерийн аж ахуй эрхэлдэг гэж сонссон. Үндэсний үзэлтэй хүний хувьд ийм л бизнес эрхэлж таарна. Нэг удаа тэр “Уул уурхай дээр суурилсан эдийн засаг хол явахгүй. Нөгөө талд нүүдлийн мал аж ахуй 70, 80 сая болсон ч хүн амын тогтвортой байнгын хэрэгцээг хангаж чадахгүй байгааг мэдэрлээ. Өнөөдөр сүү сүүн бүтээгдэхүүний 80 хувийг, мах махан бүтээгдэхүүний импорт тасралтгүй нэмэгдэж байна” хэмээн чуулганы танхимд нэлээд бухимдангүй сууж байсныг санаж байна. Энэ бол ус нутгаа ухаж, уул уурхай эрхлээгүй, үндэсний үзэлтний үг байж таарна.
Үндэсний аюулгүй байдлын галыг манаж яваа хуруу дарам цөөн улстөрч, мэргэжлийн гэмээр болчихсон стратегчид бий. Тэднээс ард олны эрх ашиг хөндсөн нэг ч үйл гардаггүйг хүмүүс мэднэ байх. Ж.Энхбаярын хувьд Алтай уулсаас гарвалтай, хуучин Засагт ханы шазруун эрчүүдийн удам угшил. Монгол овог аймгуудын нэг бүл жалайр удмын хүн. Харин эх талаасаа Арын сайхан хангайгаас угшил татна. Тэр Ш.Жадамбынх гэдэг таван хүүхэдтэй айлаас гал тасалсан бол өөрөө гурван хүүтэй бас л өнөр өрхийн тэргүүн.
Хоёр том гүрний дунд орших Монгол Улсын хувьд олон улсын түвшинд эмзэг зүйл олон байгааг нуух хэрэггүй. Ийм л эмзэг цагт тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалж, энэ тал дээр стратеги боловсруулж суух хүн энэ төрд болж өгвөл олон хэрэгтэй байна. Даанч ийм стратегчид хуруу дарам цөөн байдаг даа.
Сэтгэгдэл (0)