Б.Нямжаргал: Нойрны эмийг эмчийн зааваргүйгээр удаан хугацаанд хэрэглэвэл сэтгэл гутралд орох эрсдэлтэй
- 21 цаг 28 мин
- Эрүүл мэнд
- 0
Улирал солигдох үед хүний дархлаа тогтолцоо, бие мах бодод тодорхой хэмжээний өөрчлөлт ордог. Ялангуяа хаврын улиралд зарим хүний хууч өвчин сэдрэх, бие сульдах ядрах шинж түгээмэл илэрдэг. Иймд мэдрэлийн ядаргаа, түүнийг даван туулах арга замын талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмнэлзүйн төвийн их эмч Б.Нямжаргалтай ярилцлаа.
-Хүмүүс ихэвчлэн хаврын улиралд ядардаг гэдэг. Эхлээд мэдрэлийн ядаргаа гэж юу вэ, мэдрэлийн ядаргаанд оруулдаг эрсдэлт хүчин зүйлсийг уншигчдад тайлбарлаж өгнө үү?
-Невроз нь мэдрэлийн үйл ажиллагааны сульдлыг хэлдэг. Сүүлийн үед ажиглахад мэдрэлийн ядаргаа улирлын бус чанартай байна. Мэдрэл сульдал гэдэг нь F48-0 гэдэг олон улсын кодоор ангилагддаг. Тэгэхээр мэдрэлийн ядаргаа нь зөвхөн бие организмын хямралаас үүсэхгүй, сэтгэл зүйн гаралтай хавсарч явагддаг. Өөрөөр хэлбэл, мэдрэлийн ядаргаа бол сэтгэцийн өвчин. Мэдрэлийн ядаргаагаар улирал хамаарахгүй өвчлөөд байна гэдэг нь стрессээс шалтгаалж үүсдэг болохоор тэр юм. Мэдрэлийн ядаргаанд орсон хүн хэт их бухимдана, амархан ядарна, хөлөрнө, тамирдана. Түүнээс гадна нойргүйдэх, оюуны чадамж буурна, цаашлаад нойргүйдэл нь даамжирч архаг хэлбэртэй болох зэрэг шинж тэмдгээр илэрнэ.
-Мэдрэлийн ядаргаа хэр олон өвчтөнд тохиолдож байна. Танай төвд үйлчлүүлж байгаа хүмүүсийн хэдэн хувь нь мэдрэлийн ядаргаагаар оношлогдож байна вэ?
-Мэдээж олон байгаа. Амбулаториор үйлчлүүлж буй хүмүүсийн 60 хувь мэдрэлийн ядаргаа гэсэн асуумжтай орж ирдэг. Лавшруулаад үзвэл сэтгэл зүйн гаралтай байх магадлал өндөр байдаг. Тиймээс мэдрэлийн ядаргааг сэтгэл зүйч эмчээс зөвлөгөө авч, хавсарч эмчилгээ хийдэг.
-Мэдрэлийн ядаргаанд өртсөн хүний ажиллаж, амьдрах чадварт ямар өөрчлөлт гардаг вэ?
-Хэн нэгэнтэй харилцахдаа ихэвчлэн сөрөг хандлага гаргахаас гадна хүний яриаг ойлгохгүй, хурдан мартаж санадаг болно. Үүний хамгийн том шалтгаан нь орой унтаж, хангалттай нойр аваагүйтэй холбоотой. Унтаж амарч чадахгүй хүн ямар бүтээмжтэй ажил хийх вэ. Тухайлбал, найман цаг хийдэг байсан ажлыг 24 цагийн турш хийдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар ажлын бүтээмж буурна. Зан характерын хувьд ихээхэн өөрчлөлтөнд орно. Жишээлбэл, уур уцаар ихтэй, аливаа зүйлд амархан гомдоллодог болно.
–Тэгвэл мэдрэлийн ядаргааг үүсгээд байгаа стресс гэж юу вэ. Стресс нь мэдрэлийн тогтолцоонд яаж нөлөөлдөг вэ?
-Стресс нь богино болон урт хугацаанд хүний сэтгэл санаанд тавгүй байдал үүсгэх хүчин зүйлүүдээс улбаатай. Мэдрэлийн тогтолцоонд байдаг олон сэрлийг дамжуулж байдаг бодисуудыг ихэсгэж, багасгах, богино хугацаанд тогтворгүйжүүлэхэд нөлөөлдөг. Хүн болгонд ажил, амьдралын ачааллыг даах хэмжээ гэж бий. Түүнээсээ хэтрэхээр стресс үүсдэг. Стресс нь мэдрэлийн тогтолцоонд нөлөөлснөөр булчин өвдөх, хөлрөх, нойргүйдэх, толгой өвдөх, түр зуурын ойгүйдэл шиг мартах, санах шинж тэмдэг илэрнэ. Даамжирвал булчих суларна, таталт өгнө. Тэгэхээр стрессийг аль болох хөнгөн хэлбэртэй байх үед тайлах хэрэгтэй. Хүн бүр стресс тайлах өөрийн арга барилаа олохыг зөвлөе. Олон удаа стресст ороод, тэрийгээ тайлж чадахгүй, түүнийхээ эсрэг зөв арга хэмжээ авч чадахгүй бол мэдрэлийн ядаргаа үүсдэг.
-Хүмүүс хаврын улиралд ядарлаа гээд дусал, тариа хийлгэж, витамин уух нь түгээмэл байдаг. Энэ нь хэр үр дүнтэй байдаг вэ?
-Мэдрэлийн ядаргааг эсэргүүцэх суурь нь дархлаа. Дархлаа олон зүйлээс шалтгаалдаг. Зөвхөн дусал, тариа хийлгээд хүний амьдралын чанар сайжрахгүй. Амьдралын чанараа сайжруулахын тулд чанартай нойр, дасгал, хөдөлгөөн, зөв зохистой хооллолт хамгийн чухал. Хэрэгтэй амин дэмээ тодорхой хугацаанд уух хэрэгтэй. Мөн хорт зуршлаас татгалзах нь чухал. Ингэж чадвал хүнийн өөрийнх нь дархлааны суурь сайн байна.
-Сүүлийн үед хүмүүс чанартай нойр авах нь багасаад байна гэж их ярих боллоо. Хэрхэн чанартай нойр авах талаар Та уншигчдад зөвлөгөө өгнө үү?
-Нойрны үе шат гэж бий. Гэтэл хүмүүс унтахаасаа өмнө утсаа оролдоод, хэтэрхий оройтож унтдаг. Ингэснээр нойрны үе шат хангалттай явж амждаггүй. Иймд унтахын өмнө утасны хэрэглээгээ багасгах, тогтсон цагт унтаж хэвших хэрэгтэй. Хамгийн чухал нь эрт унтах юм.
-Урт хугацаанд нойргүйдэлд өртвөл сэтгэцэд ямар нэгэн байдлаар нөлөөлөх үү. Нойргүйдэлд өртсөн үедээ хүмүүс дур мэдэн эм хэрэглэх нь цөөнгүй. Энэ нь зөв үү?
-Нөлөөлөлгүй яах вэ. Нойргүй удаан явах нь архаг ядаргаа депрессийн хэлбэр рүү оруулдаг. Хэрэв ингэвэл сэтгэл зүйн хувьд гүн гүнзгий өөрчлөлтүүдийг өгдөг. Ямар ч эмийг эмчийн заавраар л хэрэглэж байх хэрэгтэй. Та эмчийн зааваргүйгээр, дур мэдэн зарим нойр дэмжих эмийг удаан хугацаанд хэрэглэвэл эсрэгээрээ сэтгэл гутралд оруулдаг. Мөн зарим нойр дэмжих эм сэргэг болгоод хөөрлийн байдалд оруулах нөлөөтэй байдаг. Иймд хүн өөрт тохирсон зөв эмийг сонгож уух хэрэгтэй. Мөн харшлах хүчин зүйлүүд бий. Нойрны эм зарим өвчинд эсрэг заалттай байдаг. Тэгэхээр мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөж, уух нь хамгийн зөв.
-Мэдрэлийн ядаргаанд өртсөн бол юу хийх хэрэгтэй вэ?
-Эрүүл хүнд ямар ч зовуурь, шаналгаа ажиглагдахгүй. Мэдрэлийн ядаргаанд өртсөн хүнд бол ямар нэгэн байдлаар зовуурь ажиглагдана. Тэгэхээр юун түрүүнд эмнэлэгт хандах биш эхлээд өөрөөсөө асуух хэрэгтэй. Жишээлбэл, миний амьдралын ямар хэв маяг буруу байна, юунаас болж надад ийм шинж тэмдгүүд илрээд байна вэ гээд өөртэйгөө ярилцах хэрэгтэй. Ингээд тухайн үйлдлүүдээ засах гэж оролдох хэрэгтэй. Үнэхээр болохгүй бол мэдрэлийн мэргэжлийн эмч болон сэтгэл зүйч эмчид үзүүлэх хэрэгтэй. Түүнээс биш энэ өвчнийг ганцхан сэтгэц, мэдрэлийн эмч эмчилдэг өвчин биш юм. Сэтгэл зүйн гаралтай асуудлууд байгаад түүнийгээ засахгүй бол олон удаа мэдрэлийн эмчээс зөвлөгөө авч оношилгоо, эмчилгээ хийлгээд үр дүнд хүрч чадахгүй.
-Төгсгөлд нь Та манай уншигчдад хандаж юу гэж зөвлөх вэ?
-Хаврын улиралд ядаргаанаас сэргийлэхийн тулд нойрны хэмнэл буюу тогтносон цагт унтаж хэвших хэрэгтэй. Цэнхэр дэлгэцийн хэрэглээ буюу телевиз, утасны хэрэглээгээ зохицуулах шаардлагатай. Стрессийн менежментээ сайн хийх хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн болон эрүүл хооллолт зайлшгүй чухал. Эдгээр зүйлсийг сайн хийж чадвал мэдрэлийн ядаргаанаас урьдчилан сэргийлж чадна. Ер нь мэдрэлийн ядаргаа хувь хүнээс их шалтгаалдаг. Эм, оношилгоо, шинжилгээ гэхээс илүү ядаргаа гэдэг өвчнийг эмчлэх хүн та өөрөө шүү гэж зөвлөмөөр байна.
-Ярилцсанд баярлалаа.
Ганхуяг ХЭРЛЭН www.ITOIM.mn
Сэтгэгдэл (0)