В.Путин, Д.Трамп нар хоёр дахь удаагаа утсаар ярилаа

МОСКВА, 2025 оны гуравдугаар сарын 19 /BBC/. ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар мягмар гарагт утсаар ярьжээ. Д.Трамп үүрэгт ажилдаа орж, Украины дайныг зогсоох төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлснээс хойш хоёр орны удирдагчид хоёр дахь удаагаа утсаар ярилаа. 

 

Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, В.Путин, Д.Трамп нар “Украины эргэн тойронд үүсээд буй нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй, илэн далангүй санал бодлоо солилцож, мөргөлдөөнийг шийдвэрлэх хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ гэдгээ нотолжээ.

 

В.Путин Украины нөхцөл байдлыг зохицуулах арга замыг хамтран боловсруулахад бэлэн байгаагаа, мөн Орос, Украины талууд эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхөө 30 хоногийн хугацаанд харилцан зогсоох тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж, ийм тушаалыг зэвсэгт хүчиндээ өгсөн гэдгээ Д.Трампад мэдэгдсэн байна.

 

"АНУ-ын Ерөнхийлөгчийн төлөвлөгөөний хүрээнд Оросын тал фронтын бүх шугамын дагуу гал зогсоосны дараа үр дүнтэй хяналт тавих, Украинд явуулж буй албадан дайчилгааг зогсоох, Украины Зэвсэгт хүчнийг зэвсэглэх зэрэг хэд хэдэн асуудлаар саналаа тодорхой илэрхийлсэн" гэж мэдэгдэлд дурджээ.

 

В.Путин мөн олзлогдсон цэргүүдийг солилцох ажиллагаа гуравдугаар сарын 19-нд болно гэдгийг мэдэгдсэн байна. Талууд тус бүр 175 олзлогдсон цэргийг солилцох ажээ. 

 

Кремлийн мэдэгдэлд дурдсанаар, талууд “Украины мөргөлдөөнийг зохицуулах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхээр” тохиролцож, үүний тулд Орос, Америкийн шинжээчдийн бүлгүүдийг байгуулна гэжээ. 

 

Цагаан ордны мэдэгдэл

Цагаан ордон товч мэдэгдэл гаргасан байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны төлөөлөгч Дэн Скавино хоёр төрийн тэргүүн утсаар ярьж байх үеэр "бүх зүйл сайн явагдаж байна" гэж мэдэгдсэн хэдий ч Цагаан ордны Украины дайнтай холбоотой эцсийн мэдэгдэл хоёр догол мөр байв.

 

Эхний догол мөрд, "Хоёр удирдагч энх тайван тогтооход чиглэсэн үйл явцыг эрчим хүч, дэд бүтцэд цохилт өгөхөө зогсоох, түүнчлэн Хар тэнгист гал зогсоох, улмаар бүрмөсөн гал зогсоож, бат бөх энх тайван тогтоох техникийн яриа хэлэлцээнүүдээс эхлүүлэх ёстой гэдэгтэй санал нэгдлээ. Эдгээр хэлэлцээ Ойрх Дорнодод удахгүй эхэлнэ" гэж дурджээ.

 

Трамп, Путин нар мөн “стратегийн зэвсгийг дэлгэрүүлэхийг зогсоох шаардлагатай” байгаа талаар, Ойрх Дорнодыг “цаашид мөргөлдөөн гарахаас сэргийлэхэд хамтран ажиллах боломжтой бүс нутаг гэж үзэх”, мөн Иран улсыг “Израилыг устгах чадвартай болгохгүй байх" талаар хэлэлцсэн байна.  

 

Хэсэг хугацааны дараа Д.Трамп өөрийн "Truth Social" олон нийтийн сүлжээнд В.Путинтэй утсаар ярьснаа "маш сайн, үр дүнтэй" гэж тодорхойлжээ. Тэрбээр эрчим хүчний байгууламжуудад цохилт өгөхөө нэн даруй зогсоох талаар Путинтэй тохиролцсон гэж үзэж байгаа бөгөөд “бид бүрмөсөн гал зогсоох талаар аль болох ойрын үед хамтран ажиллана" хэмээн онцолсон байна.

 

В.Зеленский хэрхэн хариу мэдэгдэл хийв

В.Путин, Д.Трамп нар утсаар ярьснаас хэдэн цагийн дараа Владимир Зеленский АНУ-ын талаас дэлгэрэнгүй мэдээллийг хүлээж байгаагаа илэрхийлсэн байна.

 

В.Зеленский Хельсинкид хийж байгаа айлчлалынхаа үеэр сэтгүүлчдэд хэлэхдээ, эрчим хүчний дэд бүтэц рүү хийж буй Оросын армийн дайралтыг зогсоох саналыг дэмжиж байна, гэхдээ АНУ, Оросын удирдагчдын хоорондох яриа хэлэлцээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ. 

 

"Хэрэв бид Ерөнхийлөгч Трамптай утсаар ярилцвал оросууд америкчуудад юуг санал болгосныг, америкчууд оросуудад юуг санал болгосныг тодорхой мэдэх нь чухал гэж бодож байна" гэж тэрбээр хэлсэн байна.

 

Д.Трамп, В.Путин нарын яриа 1.5 цаг орчим үргэлжилжээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.181.186.213)

    2025-03-19

    Монголчууд казакуудыг, эрлийзүүдийг, Монгол улс дахь Оросуудыг ба Хятадуудыг судалж, мөрдөж, хорлож улмаар зугаагаа гаргадаг учраас казакууд, эрлийзүүд, Монгол улс дахь Оросууд ба Хятадууд нь оскарын шагнал хүртэх ёстой буюу монголчууд чөлөөт цагаа өнгөрөөхдөө тэд нарыг бодож зугаацаж байна. Монголчууд байнга ингэвэл АНУ-аас АНУ-д амьдрах эрх авдаг болохоор энэ нь монголчуудад давхар ашигтай юм.