Гашуунсухайт нь явж байхад ганц пэйжээр шуугиан тарьж тэнэгтэх үү

Улс төрийг чи сонирхохгүй ч улс төр чамаар оролдоно. Бид бол улс төрийн өдөр тутмын бүтээгдэхүүн юм” гэж Грекийн сэтгэгч Перикл хэлжээ. МЭӨ 494-429 онд амьдарч байсан эл хүн Афины улс төрийн зүтгэлтэн, Афины ардчиллын анхдагчдын нэг, алдартай илтгэгч, цэргийн жанжин хүн байжээ. Перикл язгууртан гаралтай ч тухайн үед ардчиллыг дэмждэг, язгууртны бүлгийн удирдагчтай тэмцэж удирдлагаас хөөн зайлуулсан. Түүнийг Афины энгийн ардын ашиг сонирхлын төлөөлөгч гэж үздэг байсан. Перикл оновчтой ашигтай сэтгэлгээг эрхэмлэдэг, мухар сүсэг, зөн совинд итгэдэггүй, тэдгээрийг логикоор тайлбарлахыг хичээдэг нэгэн байжээ.

Өнөөгийн XXI зууны нийгэмд ч яв цав нийцсээр буй энэ алдартай философийн эзэн ийм хүн байж.

Цаг хугацаа өөрчлөгддөг ч хүмүүний мөн чанар нэг л хэвэндээ оршсоор буйгийн нэгэн нотолгоо энэ юм.

Улс төрийнхний шийдвэр бидний амьдралыг хааш нь ч юм эргүүлдэг. Зөв, бас буруу. Аль эсхүл нам гацаана. Бүр хойш нь чангаах нь ч түгээмэл. Бид сонирхохгүй байсан ч улс төр биднийг тэгж оролддог.

Сүүлийн хэдэн сард Монгол Улс яг л галзуу хулгана шиг байна. Өдөр болгон шуугиантай. Үнэн худал нь мэдэгдэхгүй. Түүнийг хэмжих дэнслүүр алга болчихож.

УИХ-ын хаврын чуулган гуравдугаар сарын 17-нд нээсэн. Тэр өдөр Засгийн газраас Гашуунсухайтын гэрээг соёрхон батлах УИХ-ын тогтоолыг төслийг өргөн барьсан. Орой цагдаагийн байгууллагаас “Ноорог.мн”-ийн редакцад нэгжлэг хийж, уран бүтээлчдээс нь мэдүүлэг авчээ.

Маргааш нь шуугиан дэгдэх нь тэр. Ноорогийнхныг өмгөөлсөн улс төр, хэвлэл мэдээллийн салбарынхны хөдөлгөөн өрнөв. Цагдаагийн байгууллага дахин дахин мэдээлэл өгөв. ХҮДХ-ийн сайд ч бас.

Өнөө хэрнээ үнэн мөн нь тодорхой болоогүй байна.

“Ноорог.мн”-ийнхэн эрх чөлөөнд халдлаа гэсээр байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд:

Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:

14/ Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан.

Хажуугаар нь энэ шуугианыг өөрт ашигтайгаар эргүүлэхээр дэмжиж дөгөөсөн талууд гарч ирж буй юм байна. Тэр зүгээс Ерөнхий сайд “Ноорог.мн”-ийнхнийг нооллоо гэж байгаа. Харин Ерөнхий сайд Засгийн газрын сүүлийн хуралдаан дээр:

-Засгийн газрын фокус бол Гашуунсухайтыг холбох, Ухаахудагийн асуудал хоёрыг УИХ-аар оруулах юм. Түүнээс биш ийм шуугиан биш. Ийм шуугианаар төмөр зам, Тавантолгойн тусгай зөвшөөрлийн асуудлыг сарниулах гэж байна гэж ярьжээ.

Логик талаасаа Гашуунсухайтын асуудал УИХ руу ороод явж байхад Ерөнхий сайд ганц пэйжээр шуугиан тарьж тэнэгтэхгүй нь тодорхой юм.

Гэхдээ одоо энэ бүхэнд ганц л субьект хариу өгнө. Тэр нь шүүх. Шүүх хэрхэн шийдэхийг харъя, бүгдээрээ.

Ө.Билэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)