“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно
- Уржигдар 09 цаг 26 мин
- Нийгэм
- 0
Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн хуваарь” маш тодорхой хуультай. УИХ хууль тогтоож, Засгийн газар түүнийг гүйцэтгэх үүрэгтэй. Үндсэн хуульд 2019 онд Үндсэн хуулийн 6.2-т “…Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.…
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн өөрчлөлтийг УИХ-аас 2019 онд баталсан.
Мөн УИХ-аас 2007 онд “…Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” тогтоолыг гаргасан. Түүгээр нэр бүхий 15 ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулсан. Түүнчлэн 2024 онд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд “…Засгийн газар Баялгийн сангийн төрөлжсөн сангийн хөрөнгийн удирдлагын бодлогыг батлах, нэгдсэн удирдлагаар хангах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасан. Мөн уг хуулийн 11.1-т “…Баялгийн сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ” гээд 11.1.1.Ирээдүйн өв сан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувь, сангийн хөрөнгө оруулалтын орлого гэсэн эх үүсвэрээс бүрдэнэ”, 11.1.2-т “…Хуримтлалын сан энэ хуулийн 12.9-д заасны дагуу төвлөрүүлсэн ногдол ашгаас уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцаа 34 хувь хүртэлх бол түүний төрийн эзэмшилд ногдох бүх ногдол ашиг, энэ хуулийн 12.9-д заасны дагуу төвлөрүүлсэн ногдол ашгаас уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцаа 34 хувь ба түүнээс дээш бол түүний төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох ногдол ашиг, Ашигт малтмалын тухай хуулийн 472.1-д заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр болон Цөмийн энергийн тухай хуулийн 201.5-д заасан цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр зэргээс эх үүсвэрээс бүрдэнэ” гэж хуульчилсан.
Товчхондоо, Үндэсний баялгийн санг хоосон бус хоолтой болгох үүрэг нь энэ Засгийн газарт тохоогдсон. ЗГХЭГ-ын дарга Н.Учралын өгсөн мэдээллээр, Үндэсний баялгийн сангийн эх үүсвэр болх учиртай 16 ордын долоо нь хагас дутуу төрийн мэдэлд, үлдсэн ес нь өөр бусад эзэмшилд очсон байгаа юм.
Ер нь бол Монгол Улс жил гаруйхны өмнө л Үндэсний баялгийн сангийн хуультай болж, тэр сангаа хоолтой болгох ажил эхэлсэн. Энэ хүрээнд Засгийн газар эхний ээлжинд Тавантолгой ордыг бүтнээр нь авах ажлыг эхлүүлсэн. Тодруулбал, Тавантолгойн ордын нэг хэсэг Ухаахудагийг төрд эргүүлэн авахаар шийдвэрлэсэн. Сүүлийн үед энэ нь ажил хэрэг болох уу, эсвэл оролдлого төдийнхөөр дуусах уу гэдэг асуултын тэмдэг босгоод байна. Юутай ч Засгийн газрын зүгээс Ухаахудагийн асуудлаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлээр ахлуулсан Ажлын хэсэг томилсон. Тэр ажлын хэсэг нь гаргасан дүгнэлтээ 2025 оны хоёрдугаар сарын 26-нд Засгийн газартаа танилцуулсан. Тэр талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “…Ерөнхий сайдын 2025 оны 32 дугаар захирамжаар байгуулагдсан стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний ашигт малтмалын ордын лицензийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудал, энэ талаар УИХ, Засгийн газраас өмнө нь гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийн дүгнэлтийг танилцууллаа. Засгийн газраас холбогдох шийдвэрийн төслийг үндэслэн УИХ-д тогтоолын төсөл байдлаар уламжлахаар боллоо.
Засгийн газрыг төлөөлж Үйлдвэр, худалдааны сайд “Энержи ресурс” компанитай гарын үсэг зурсан 2028 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн ашигт малтмалын лиценз шилжүүлэх тухай гэрээ гэх баримт бичиг нь хууль бус, зөрчилтэй гэрээ байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, “Энержи ресурс” компанитай гэрээ байгуулж, ашигт малтмалын лицензийг эзэмшүүлсэн нь Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, тухайн үед үйлчилж байсан болон одоо үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн үйлдэл болжээ. Энэ асуудлаар УИХ 2007 онд тогтоол гаргаж, Тавантолгойн орд газар, тэр дундаа “Энержи ресурс” компанийн эзэмшиж байсан лицензийн талбай нь стратегийн ач холбогдол бүхий орд газарт хамруулчихаад байхад энэ ордын талаар гэрээ хийгээд хэн нэгэн этгээдэд шууд эзэмшүүлэх эрх нь тухайн үеийн Үйлдвэр, худалдааны сайдад байгаагүй байна. Мөн тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг үзэхэд, энэ асуудлыг судлан эргэж танилцуулахыг Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байсан Х.Наранхүүд, мөн асуудлыг эргэн шийдвэрлүүлэхийг тухайн үеийн Ерөнхий сайдад УИХ-аас даалгаж шийдвэрлүүлсэн байхад энэ бүх процессыг зөрчсөн шийдвэр гарчээ. Тэгэхээр Ухаахудаг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод авах 2007 оны УИХ-ын тогтоол биелээгүй, өдийг хүртэл зөрчигдөж явсан байна гэсэн дүгнэлтийг Засгийн газарт танилцууллаа. Тэр байтугай шалгах ёстой нөхцөл байдал тодорч байна. Анх энэ ордын лицензийг албан тушаал, эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж, өөр дээрээ авсан байж болзошгүй хүний асуудал, өөрийнхөө эрх хэмжээг хэтрүүлж Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй зэрэг тодорхой этгээдүүдтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар цааш шийдвэрлүүлэх нь зүйтэй. Харин Ухаахудаг орд газартай холбоотой яригдаж байгаа асуудлаар Засгийн газраас УИХ-д тогтоолын төсөл өргөн барьж, уг асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ” гэж мэдээлсэн. Түүнээс хойш бараг сарын хугацаа өнгөрөв. Засгийн газраас Ухаахудагийн асуудлаарх тогтоолын төслөө УИХ-д өргөн бариагүй байна. Засгийн газар өгөхгүй байна уу, УИХ авахгүй байна уу. Ийм асуулт бас тавигдаж байгаа юм.
Гэхдээ сүүлийн үед Ухаахудагийг гардан хариуцаж буй ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл сүрхий нүдүүлж байна. Тэрээр “нөгөөдүүл”-д онилуулсан бололтой. Ийм “технологи” манайд байдаг. Тэдний “овоо хараа”-нд орвол яадгийг О.Алтангэрэл рүү чиглэсэн мэдээллийн сумнууд харуулаад байна.
Түүн рүү чиглэсэн сум цаашид улам чангарах даг. Учир нь, өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “...Гашуунсухайт гэж үйлтэй төсөл юм даа. Иймэрхүү зүйлсээ баталчихаад хийж болдоггүй юм уу. Эсвэл албаар ингээд байдаг юм уу. Үндсэн сэдэв хил холболт төмөр зам, бас Тавантолгойн лиценз. Энэ фокус бол Засгийн газрын байр суурь болохоос бусад нь биш. Засгийн газар Гашуунсухайтыг холбох, Ухаахудагийн асуудлыг их хурлаар оруулах гэж байна. Үүний сарниулж болохгүй. Ер нь Гашуунсухайт хэлэлцэх дөхөхөөр л нэг том сенсац болдог. Гурав дахь удаагаа давтагдлаа. Цаг үеийг нь нягтлаарай О.Алтангэрэл сайд аа” гэсэн байна. Ер нь бол, “Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно л доо. Эхэнд хэлсэн дээ, “…УИХ хууль тогтоож, Засгийн газар түүнийг гүйцэтгэх үүрэгтэй” гэж?!
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (0)