Өртэй монголчууд
- Уржигдар 09 цаг 41 мин
- Нийтлэл
- 0
Монголчуудын жигшдэг зүйлсийн нэг нь өр. “Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй”, “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” зэрэг хэлц бол монголчуудын гэрт ёсны төдийгүй төрт ёсны хамгийн нандин сургаал байсан. Гэтэл өнөөдөр байдал эргэж, өрийн дарамтад орох иргэдийн тоо шил шилээ даган нэмэгдсээр байна. Учир нь сүүлийн жилүүдэд иргэд барьцаагүй, гар утсаараа богино хугацаанд шуурхай авах боломжтой аппликейшний зээлийн хүүнд хүлүүлэх болсон. Бизнесийн салбарууд ч тэр иргэдэд энэ төрлийн үйлчилгээг санал болгож дэлгүүр болгоны үүдэн дээр зээлийн аппликейшний сурталчилгаа хадаатай харагдах болов. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан 2024 оны IV улирлын санхүүгийн салбарын тойм мэдээгээр ББСБ нь 2023 онд 4.5 сая харилцагчтай байсан бол 2024 онд 5.3 сая болсон нь зээлдэгчийн тоо 800 мянгаар өссөнийг мэдээлсэн.
ББСБ-аас олгодог зээлийн хүү сарынх нь 2.8 хувьтай байсан бол 2024 онд сарын хүү нь 3.5 хувь болсноор жилийнх нь хүү 40 хувь давжээ. Ингэхдээ салбарын нийт зээлийн хэмжээ 5,750.4 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 56.4 хувиар буюу 2,074.5 тэрбум төгрөгөөр, 2020 оноос 4.3 дахин буюу 4.4 их наяд төгрөгөөр өссөн дүнтэй байна.
Энэ нь ББСБ-уудын нийт хөрөнгө Монгол Улсын ДНБ-ий 8.2 хувьтай тэнцэхүйц хэмжээнд хүрч байгааг харуулж буй. Энэ бол анхаарах ёстой том тоо юм.
Тэвдсэн үед үед орлого нотолж, олон бичиг баримт шаардахгүй тул энэ төрлийн үйлчилгээг иргэд ихээр ашиглах болсон нь илт. Гэхдээ санхүүгийн боловсрол дутуу дулимгаасаа болж урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж өрийн дарамтад орох эрсдэлийг энэ төрлийн үйлчилгээ нэмэгдүүлсээр байна.
Давхар зээлтэй иргэдийн тоо нэмэгдэв
Монголбанкнаас өнгөрсөн оны III улиралд гаргасан “Санхүүгийн тогтвортой байдлын тайлан”- д бичсэнээр “банк болон ББСБ-аас давхар зээлтэй иргэдийн тоо өсөж байгааг мэдээлсэн. Мөн тэдний зээлийн дүн ч хурдтай нэмэгдэж байгаа нь санхүүгийн системд эрсдэл авчирч болзошгүй байгааг анхааруулсан. Тодруулбал, 2023 оны тавдугаар сартай харьцуулахад давхар зээлтэй иргэдийн банкны зээлийн үлдэгдэл 44.2 хувиар, ББСБ-ын зээлийн үлдэгдэл 53.4 хувиар, зээлдэгчдийн тоо 26.4 хувиар нэмэгдсэн аж.
Эдгээр иргэдийн хувьд сөрөг “шок” тулгарч, зээлийн эргэн төлөлтөд нь хүндрэл учрах тохиолдолд банк, санхүүгийн системийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй байгааг тайланд дурджээ. Үүнээс гадна иргэд зөвхөн нэг аппликейшнээс зээл аваад зогсохгүй өөр олон аппикейшнээс зээл авч өрийн дарамтад ордог. Уг нь Зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд зааснаар банк, ББСБ хэн нэгэнд зээл олгосон бол тухайн мэдээллээ 24 цагийн дотор Зээлийн мэдээллийн сан руу оруулах үүрэгтэй байдаг. Гэвч ББСБ уг мэдээллээ Зээлийн мэдээллийн сан руу оруулаагүйгээс үүдэж иргэд өрийн дарамтад орох, давхар зээлтэй болох эрсдэлүүд нэмэгдсээр байгаа юм. Уг нь Санхүүгийн зохицуулах хорооноос 2023 онд ББСБ-уудад тухайн иргэний сарын орлогын 70 хувиас хэтрүүлэхгүй зээл олгох шаардлагыг тавьсан. Гэсэн хэдий ч уг шаардлага бодит нөхцөл байдал дээр хэрэгжихгүй байгаа бөгөөд аль хэдийн зохист хэмжээнээс давсныг дээрх тоо баримт бэлхэн нотолж байна.
Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр
Банк бус байгууллагын эрүүл байдал алдагдсан, Санхүүгийн зохицуулах хороо ажлаа дутуу хийсэн, хяналт тавихгүй байна. Зээлийн мэдээлэл дутуу дулимаг байна. Нэг банк бус нөгөө банк бусаасаа зээлдэгчийн мэдээллийг авч чадахгүй байна. Орлогынхоо төвшинд зээл авдаг, орлогынхоо төвшинд амьдралаа шийддэг байх ёстой. Гэтэл одоо урьдчилгаагаагүйгээр зээл өгнө, орлогоо нотлох албагүй, өр авлагын харьцаа хамаагүй гэдэг сурталчилгаа хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, аваад бай, аваад бай, ам.доллароо шатаагаад бай гэдэг сурталчилгаа оруу орсон. Санхүүгийн зохицуулах хороо ажлаа хийнэ гэж харж байгаа. Санхүүгийн хариуцлагагүй эдийн засаг идэвхжихийн хэрээр санхүүгийн хариуцлагагүй байдал газар авч байна.
СЗХ-ны хожимдсон шийдвэр
Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, Монголбанкны Мөнгөний бодлогын хороо гуравдугаар сарын 07-ны өдөр хуралдаж мөнгөний бодлогын хүүг 12 хувь болгон өсгөсөн. Улмаар хэрэглээний зээлийн өр орлогын харьцааг 50:50 болгох шийдвэр гаргасан билээ. Үүнтэй уялдуулж, Санхүүгийн зохицуулах хороо өнгөрсөн долоо хоногт ББСБ болон зөвшөөрлийн дагуу зээл олгодог бүх байгууллагын өр орлогын харьцааг 60:40 болгож өөрчлөлт оруулсан. Уг шийдвэрүүд нь иргэдийг өрийн дарамтад орох эрсдэлийг бууруулах, өрхийн бодит орлого нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж буй. Гэвч зохист хэмжээ аль хэдийн алдагдсан энэ үед уг шийдвэр нь үр дүн үзүүлэх эсэх нь эргэлзээтэй. Нэг үгээр бол Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан уг шийдвэр өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхтэй утга ижил юм.
Сэтгэгдэл (0)