Хүслийг биелүүлэгч ӨВЛИЙН ӨВГӨН

“Хаалганы хонх жингэнэлээ
Хамаг хурдаараа гүйлээ
Ханхар өвгөн аав айлчилж
Хачин гоё ууттай бэлэг
 бидэнд өглөө”

хэмээх шүлгийн мөрүүд Зул сарын баярын хөг нэмсэн энэ өдрүүдэд өөрийн эрхгүй сэтгэлд бууж байна. Тэгээд ч Зул сарын баярыг угтаж албан газар, сургууль, цэцэрлэг гээд хаана л бол хаана хийж бүтээснээ дүгнэж, шилдгүүдэд цав цагаан өмсгөлтэй өвлийн өвгөн аав бэлэг тарааж, ерөөл буянаа хайрлаж буй. Тийм ээ, цас мөсний орноос цасан охидоо дагуулсаар өвлийн өвгөн аав баяр дээр баяр нэмэхээр хүмүүс биднийг зорин айсуй. Энэ л баярт мөчид монгол хүн бүрийн хүслийг биелүүлэгч өвлийн өвгөн аавуудаа дурсах нь зүй ёсны хэрэг юм. Өвлийн өвгөн аавын дүрд хувирдаг эрхэм хүндтэй хүмүүс ч мөн адил энэ өдрүүдэд хувцсаа бэлтгэж, уут дүүрэн бэлгээ базаахаар догдолж буй нь лавтай. Ийнхүү Зул сарын баяр хоног хоногоор ойртох энэ өдрүүдэд хүмүүс бидэнд цал буурал сахалтай, өвлийн хүндэт сайхан өвгөн аавын дүрээр сэтгэлд тодоос тод дүрээрээ үлдсэн нэг эрхэм хүн хамгийн түрүүнд дурсамж хөглөдөг юм. Энэ эрхэм бол Монголын түүхэнд ХХ зууны өвлийн өвгөн аав хэмээн мөнхөрсөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Г.Гомбосүрэн агсан билээ. Түүний өвөрмөц дотно дуу хоолой, сайхан төрх, уран бүтээлийг одоо ч хүмүүс сэтгэлдээ тээн ярилцаж, нандигнан дурсдаг юм. Тэрбээр Монголын ард түмэнд өвлийн өвгөн аав гэдэг эрхэм нэрээрээ мөнхөд дурсагдах сайхан үйлийг уран бүтээлээрээ мөнхжүүлсэн нь юутай бахархал вэ. Харин энэ хүний амьдралын нэгээхэн хэсэг болсон өвлийн өвгөн болох хариуцлагатай үүргийг Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан одоогоос арав гаруй жилийн өмнө өвлөн авч, үргэлжлүүлэх болсон билээ. Хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг Харшийн сүлд модны наадмын хүндэт өвгөн аав болох урилгыг хүлээж аваад баярлаж буйгаа илэрхийлсэн тэрбээр өвгөн аав болоход маш их хариуцлага ирдгийг онцолсон юм. Энэ тухайгаа тэрбээр “Өвлийн өвгөн аавын их ажил арванхоёрдугаар сар гараад л эхэлнэ. Би өөрийгөө уядаг морь гэдэг шиг арваннэгдүгээр сар гарангуут л өөрийн мэдэлгүй бэлтгэлээ базаадаг. Хувцас хунар, сахал үс гээд бэлтгэх зүйл их бий. Харин урилга, заллага энэ сарын 4-нөөс эхэлсэн. Байгууллага, хамт олны шинэ жилийн баярт оролцоод одоо ид завгүй гүйж явна. Нэгэн дурсамж өгүүлье. Г.Гомбосүрэн гуайг өөд болсны дараа 2004 онд Хүүхдийн ордны хамт надад өвгөн аав болох санал тавьсан. Тэгэхэд би “Уучлаарай, хараахан өвлийн өвгөн болох болоогүй. Залуухан байна” гэж хэлснээ санаж байна. Харин гэртээ очоод энэ тухайгаа гэргийдээ хэлтэл “Юу ярьж байгаа юм бэ. Тийм агуу хүний бүтээсэн өвлийн өвгөн аавын дүрийг уламжилж, жүжигчин хүн энэ алдрыг хүртэнэ гэдэг том аз” гэж намайг зоригжуулснаар өнөөдөр өвлийн өвгөн аав болоод явж байна” гэсэн юм. Энэ дашрамд хэлэхэд олноо “Хасар Жагаа” нэрээр алдаршсан түүний гэр бүлийн зүгээс өвгөн аав болсон цагаас өнөөг хүртэл жил бүр 100 хүүхдэд бэлэг өгч баярлуулдаг уламжлал тогтсон байна. Энэ сайхан санааг түүний гэргий, гавьяат жүжигчин Г.Урнаа сэдсэн аж. Хамгийн сонирхолтой нь өнөө цагийн өвгөн аав Б.Жаргалсайхан маань “Өвлийн өвгөн аав байдаг гэж итгэсэн” хүүхэд ахуйн бодлоо одоо ч гээгээгүй яваа гэсэн шүү. 

Ер нь Зул сарын баяраар өвлийн өвгөн аавын дүрд хувирдаг хэд хэдэн нэртэй уран бүтээлч өнөөдөр бидний дунд амьдарч байна. Энэ эрхэм хүмүүст Ардын жүжигчин Г.Мягмарнаран, гавьяат жүжигчин Ё.Цог, Н.Нэргүйбаатар нар багтдаг юм.

“Хөх ногооны униар”, “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” зэрэг олон кинонд дүрээ мөнхөлсөн Ардын жүжигчин Г.Мягмарнарангаас өвлийн өвгөн аав болдог дурсамжаас нь хуваалцахаар утасдахад “Өвлийн өвгөн аавынхаа хүндтэй үүргийг гүйцэтгээд завгүй явж байна. Тиймээс монголчууддаа шинэ оны мэнд хүргэж элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан байхыг ерөөе” гэсэн юм. Харин Монголын өвлийн өвгөн аавыг Г.Гомбосүрэн багшаараа төсөөлдөг гэж ярих гавьяат жүжигчин Ё.Цог Хүүхдийн ордон, албан байгууллагын урилгаар 50- аад жил энэ дүрд хувирч буй нэрт уран бүтээлч. Мөн тайз, дэлгэцийн жүжигчин Н.Нэргүйбаатар жилдээ 40 кинонд дуу оруулдаг их ажлынхаа хажуугаар өвлийн өвгөн аавын дүрд чадварлаг хувирдаг гэж Урлагийн ажилтны холбооны хамт олон магтсан. “Амьдрал нулимсанд дургүй”, “Ийм нэгэн явдал” зэрэг олон кинонд дуу оруулсан чадварлаг жүжигчин тэрбээр энэ их ажлынхаа хажуугаар өвлийн өвгөн аав хэмээх хүндтэй үүргийг гүйцэтгэсээр мөн л олон жилийг ардаа орхижээ. Улсын драмын эрдмийн театрын оёдолчин Б.Оюунчимэг Б.Жаргалсайхан гавьяатад өвлийн өвгөн аавынх нь хувцсыг гараа гарган урлаж өгсөн байна. Ганцхан хувь оёулсан энэ хувцсаа Б.Жаргалсайхан ихэд эрхэмлэдэг төдийгүй Г.Гомбосүрэн агснаас уламжлан ирсэн хувцсыг хоёр жил өмсч, одоо гэртээ хадгалж түүх болгон дурсдаг байна.

Энэ ч үүднээс Монголын өвгөн аав болж хүмүүст ерөөлөө шингээн бэлэг өгнө гэдэг хүссэн хүн болгонд олдоод байх завшаан яавч биш. Нөгөөтэйгүүр энэ ажил нь буянтай үйлс учраас монголчууд үе үеийн өвгөн аавдаа хайртай байдаг биз ээ. Яагаад хайртай байдаг нарийн шалтгааныг хайвал өвлийн өвгөн аав гэдэг эрхэм хүний зан чанар, дүр төрх найман настай балчраас 80 настай буурлын дурсамжид гэгээн түүх болон үдэж томоос том орон зайг эзэлдэг юм. Тэгээд ч хуучин оноо үдэж, шинэ оноо угтах баярт мөчийг үе үеийн өвлийн өвгөн аавын сайхан дурсамжаар хөглөхгүй байхын аргагүй шүү дээ. Яагаад гэвэл тэд шинэ он, шинэ дурсамж, шинэ амжилттайгаар цас мөсний орноос гэгээн бодол өвөртлөн цан хүүрэг татуулсаар ирдэг юм. Ийнхүү монгол загварын сампин зангидсан малгай өмссөн, дээл нөмрөгөө намируулсан өвлийн өвгөн аав хүүхэд насанд үлгэрийн юм шиг төсөөлөгддөг нь одоо ч хэвээрэй. Уут дүүрэн бэлэгтэй өвгөн аав айсуй...

 

Б.ДААРИЙМАА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.58.137.227)

    2017-12-23

    Хүүхэд наснаас сэтгэлд үлдсэн дээлтэй монгол өвлийн өвгөн сайхан шүү. Энэ чигээр авч үлдээрэй. Хэвлэчихсэн юм шиг улаан дээлтэй өвгөдөөс ялгарч байсан дээр л дээ. Монголд монгол өвлийн өвгөн л сүрлэг. Амжилт.