"Машин ачилт смарт хэлбэрт шилжинэ"
- 2018-04-06
- Улаанбаатар
- 0
Зогсоол олдохгүйгээс хаа нэгтээ машинаа түр байрлуулаад хоёр хором болоод гараад ирэхэд машин ачигдсан байдаг. Энэ нь нийслэлийн иргэдийн “дайсан” болоод байгаа. Энэ талаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас тодрууллаа.
-Нийслэлд машин ачдаг хэдэн компани байдаг вэ. Тэдний эрхийг хэрхэн олгодог вэ?
-Нийслэлийн зургаан дүүрэгт замын хөдөлгөөн хааж, дүрэм зөрчсөн машиныг ачиж, тээвэрлэдэг 17 компани байна. Ачилтын компанийг татан буулгаач гэсэн хүсэлт манайд байнга ирдэг. Үүнийг үгүй болгосноор жолооч нарын дүрэм зөрчилт ихэснэ. Жолооч нар дүрэм зөрчихгүй байвал ачилт хийх, ачилтын компани байх шаардлагагүй. Замын хөдөлгөөний дүрэм зөрчилт зогсохгүй байгаа тул ийм компанийн үйл ажиллагаа ч зогсохгүй байгаа юм. Эрхийг журмын дагуу олгодог.
-Нийслэлд өдөрт хэдэн машин ачигддаг вэ?
-Харьцангуй бага машин ачдаг. Нийслэлд 550 мянган автомашин бий. Замын ачаалал их байдаг. Замын цагдаа нар замын хөдөлгөөнөө зохицуулахаар ачаалалтай ажилладаг. Ачилтад хүрч ажиллахад хүндрэлтэй байдаг.
-Ачилт хийхэд нэг машинаас хэдэн төгрөг авдаг вэ?
-НИТХ-ын тогтоолоор нэг машинаас 60 мянган төгрөг авдаг. Үүгээр ачилтын компани ажилчдынхаа цалинг өгч, журмын хашааныхаа түрээсийг төлдөг. Өдөрт цөөн машин ачдаг болохоор ачилтын компанийн эдийн засаг хүндэрч эхнээсээ дампурлаg зарлахад тулаад байгаа.
-Замын цагдаагийн тусгай тэмдэглэгээ наасан машин, наалт наагаагүй машиныг ч ачиж байна. Энэ нь ямар учиртай юм бэ?
-Иргэдийн дунд гардаг маргаантай асуудлын нэг нь энэ. НИТХ-ын тогтоолд наалт наасан машиныг ачна гэсэн байдаг ч наагаагүй машиныг ачиж болохгүй гэсэн зүйл байдаггүй. Энэ нь бидний санаачлан хийсэн ажил. Энэ асуудлыг 100 хувь өөрсдийн хяналт дор хийхийн тулд смарт хэлбэр рүү шилжүүлж байгаа. Ингэснээр “Е” баримтаа төлсөн эсэхийг хянаж, ачилтын компани хууль бус ачилт хийж байгаа эсэхийг Автозамын хөгжлийн газар, Замын цагдаа, татвар зэрэг газар хянах боломжтой. Ачилтын компани ямар нэгэн зөрчил гаргаж, буруу үйлдэл хийх юм бол эрхийг нь шууд цуцлах тухай тусгасан.
-Смарт хэлбэр рүү шилжсэнээр иргэдэд ямар давуу тал бий болох вэ?
-Бид энэ смарт руу маш богино хугацаанд шилжихээр төлөвлөсөн. Смарт хэлбэрт шилжихээр тухайн ачилтын компани видео бичлэг хийнэ. Тэр бичлэг Замын цагдаад шууд очно. Замын цагдаа видео үзээд зөрчил байвал ачих зөвшөөрөл олгох юм. Хэрэв иргэн машинаа ачуулсандаа гомдолтой байвал видео бичлэгийг мэдээлэл дээр үндэслэн гар утаснаасаа үзэх, хянах боломж бүрдэх юм.
Р.РЕНЧИНДУЛАМ
Сэтгэгдэл (0)