Монгол, Швейцарын хамтарсан тунхаглал

Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердийн 2024 оны 08 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд Монгол Улсад хийсэн Төрийн айлчлалын үеэр хоёр орны Төрийн тэргүүн нарын гарын үсэг зурсан Монгол, Швейцарын хамтарсан тунхаглал:

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны 8 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийв.

Ерөнхийлөгч Виола Амхердийн төрийн айлчлал нь Швейцар Улсын Төрийн тэргүүний анхны айлчлал бөгөөд Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэх түүхэн чухал арга хэмжээ болов.

“Энх тайвны төлөөх Монгол, Швейцар” хэмээх түүхэн ойн уриа нь хоёр улсын гадаад бодлогын зорилтууд болон харилцан хүндэтгэл, ойлголцол, даян дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг дэмжихийн төлөөх нэгдмэл, тууштай байр суурь бүхий хоёр талын харилцааг илтгэнэ.

Талууд ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчим болон НҮБ-ын Дүрмээр хүлээсэн үүргээ хүндэтгэх нийтлэг үнэт зүйлд суурилсан хоёр талын түншлэл эрчимжин өргөжиж байгааг сайшаав.

Монгол Улсын энх тайванч, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого, “гуравдагч хөрш”-ийн бодлого болон энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг цогцлоох, үр дүнтэй олон талт хамтын ажиллагааны төлөөх Швейцар Улсын дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүрэг, тууштай хүчин чармайлтыг уялдуулж, хоёр талын харилцааг дараах чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлээ талууд тунхаглав. Үүнд:

Хоёр талын хамтын ажиллагааг улс төр, нийгэм, эдийн засаг тухайлбал, худалдаа, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчны унаган төрхийг хадгалах, шинжлэх ухаан, соёл, хүмүүнлэгийн салбарт бэхжүүлнэ.

Дээд, өндөр түвшний харилцан айлчлал, улс төрийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, Монгол, Швейцарын хууль тогтоох байгууллагуудын идэвхтэй хамтын ажиллагааг дэмжинэ.

Ардчилал, хууль дээдлэх зарчим, сайн засаглалын үнэт зүйлийг сурталчилж, ардчилсан Парламентын байгууллагууд хооронд болон иргэний нийгмийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих, шүүх болон эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэхийн төлөөх Монгол Улсын хүчин чармайлтад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн, “Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай гэрээ”-г эцэслэн байгуулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах эрмэлзлээ тунхаглав.

Олон талт хамтын ажиллагааны үүрэг, амлалтын дагуу энх тайван, аюулгүй байдал, олон улсын эрх зүй, тогтвортой хөгжлийг хангах зэрэг даян дэлхийн нийтлэг зорилтоо хэрэгжүүлэхэд НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ. Энэ хүрээнд олон улс, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах яриа хэлэлцээ чухал гэсэн байр сууриа талууд нотолж, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ, Зүүн хойд Ази дахь аюулгүй байдлын асуудлаарх Церматтын дугуй ширээний уулзалт зэрэг санаачилгаа цаашид үргэлжлүүлэх эрмэлзлээ тунхаглав.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, чингэхдээ Үндэсний тодорхойлсон хувь нэмэр үүрэг амлалтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хамтран ажиллана. Үүнтэй холбогдуулан Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын оролцогч талуудыг 17 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо 2026 онд зохион байгуулах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн санаачлан хэрэгжүүлж байгаа зэргийг Швейцар Улс сайшаав.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-ын тэргүүлэх зорилтууд болон бизнесийн тогтвортой орчныг сайжруулах, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөдөө аж ахуй болон аялал жуулчлалын хамтын ажиллагааны хүрээнд эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг тэлнэ. Энэ хүрээнд эрүүл мэндийн үйлчилгээ, орон нутгийн хөгжил, мэргэжлийн боловсрол, өрхийн амьжиргааг сайжруулах, тогтвортой хөгжлийг хангах, сайн засаглалыг бэхжүүлэх зэрэг хөгжлийн зорилтоо хэрэгжүүлэхэд Швейцарын хөгжлийн агентлагаас үзүүлсэн дэмжлэг, хүмүүнлэгийн тусламжид Монгол Улс гүн талархал илэрхийлэв.

Тогтвортой фермийн аж ахуй, мал аж ахуйн менежмент, хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэг чиглэлээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сайжруулах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн хамтарсан төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх замаар хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллаж буй хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ.

Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, Швейцарын Холбооны Улсын Хүмүүнлэгийн тусламжийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд газар хөдлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах чиглэлээрх Монгол Улсын чадавхыг бэхжүүлэх, монголын зүрхний эмч нарын тусламжтайгаар хүүхдийн эмнэлгийн бүс нутгийн үйлчилгээг дэмжих зэрэг хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ.

Цар тахлын эсрэг бэлэн байдлыг хангах, эрүүл мэндийн үйлчилгээний ерөнхий тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн судалгаа, эмнэлгийн мэргэжилтнүүдийн солилцоо зэрэг нийтийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

Бүх шатны, цогц тогтолцоонд суурилсан боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагаа, энэ чиглэлээрх талуудын сонирхлыг дэмжинэ. Энэ хүрээнд “Илгээлт- 2100” санаачилгын хүрээнд Швейцарын Холбооны Улсад суралцаж буй оюутны тоог нэмэгдүүлэх эрмэлзлээ Монгол Улс илэрхийлэв.

Мэргэжилтнүүдийн солилцоо, хамтарсан сургалт зохион байгуулах замаар тогтвортой аялал жуулчлал, өвлийн спортыг дэлгэрүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллана.

Соёл, спортын солилцооны ач холбогдлыг чухалчилж, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлнэ. Энэ хүрээнд Швейцарын Цюрих хотын Рийтберг Музейд 2025 онд дэлгэх Монголын түүхийн үзэсгэлэнг талууд бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (127.0.0.1)

    2024-08-08

    Монголын ядуус халамжийн мөнгөөр үнэтэй ресторануудаар орж, хоол идээд байна. Тэтгэмжүүд тараахаа больцгоо!